Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, 86 оноогоор улаан шугам татсаныг эцэг, эхүүд эсэргүүцэв. Тус сургуулийн удирдлага есдүгээр ангийн 380 хүүхдийг жагсааж, улаан шугамаас доош орсон 200 хүүхдийг хасна хэмээсэн аж. Тиймээс зарим хуульч, сэтгэлзүйч хамтарч "Улаан шугам бол Хүүхдийн эрхийн маш том зөрчил! Хүүхэд бүр дассан анги, сургуульдаа суралцах, аливаа байдлаар ялгаварлалтад өртөх ёсгүй" хэмээн нийт сургуулийг хамруулж, нөлөөллийн ажил эхлүүлжээ.
Уг нөлөөллийн ажил тодорхой үр дүн үзүүлж эхэлжээ. Жишээ нь, Хөвсгөл аймгийн ЕБС-иуд улаан шугам татахгүй хэмээсэн бөгөөд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ХГБХТөвөөс суралцагчдыг ялгаварлах шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа үзүүлсэн байж болзошгүй асуудлаар хяналт, шалгалт хийж байгаагаа мэдэгджээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд А/201 дугаартай тушаал гаргасан нь өдгөө хүчинтэй. Тиймээс суралцагчийн эрх нь хөндөгдсөн гэж үзвэл тухайн сургуульдаа хүсэлт гаргах ёстой. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа тохиолдолд хуульчид эрх зүйн зөвлөгөө өгөхөд бэлэн аж. Улаан шугам татах нь суралцагсдад хамгийн түрүүнд нийгмийн зүгээс үзүүлж байгаа жендерийн тэгш бус байдал, авилга, хууль бус байдалтай нүүр тулгарах сөрөг үр дагавартай.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг эл асуудлаар “Улаан шугам” гэгч нь хүүхдийн сурч боловсрох эрхэд халдсан ноцтой зөрчил. Жил бүр ЕБС-ийн ес дүгээр анги төгсөгчдөд “Улаан шугам” гэх босго тавин сурлагын дүнгээр нь ялгаварлан аравдугаар ангид суралцах эрхгүй хэмээн хасдаг явдлыг таслан зогсоох ёстой. Соц нийгмийн үеийн төрийн зүгээс хүний эрхийг хязгаарлаж ирсэн энэ буруу жишгийг “Ази дахь ардчиллын баян бүрд” гэгдсэн Монгол улсад өнөөг хүртэл хэрэгжүүлсээр, үе үеийн Боловсролын сайд нараас нэг нь ч үүнийг халах тухай шийдвэр гаргаагүй ирсэн нь үнэхээр харамсалтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно…” гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенц, Боловсролын талаар алагчилахтай тэмцэх тухай конвенцуудад “хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, хүн бүр чадвартаа түшиглэн боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах” нь улс орнуудын төрийн үүрэг болохыг заасан байдаг. Есдүгээр анги төгсөгчдөөс хэдэн хүүхдийг хасах тухай шийдвэр гаргах эрхийг хэнд ч ямар ч хууль тогтоомжоор олгоогүй атал Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага өөрсдийн үзэмжээр шийдэж ирсэн нь Монгол улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг зөрчсөн хүүхдийн эрхэд халдсан ноцтой зөрчил тул үүнийг таслан зогсоох тухайд шийдвэр гаргахыг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд уламжлах болно" хэмээн байр сууриа илэрхийлжээ.