Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд өнгөрсөн даваа гарагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажиллаж, боловсролын салбартай холбоотой асуудлаарх иргэдийн санал хүсэлтэд хариу өгчээ. Тухайн өдөр энэ чиглэлийн 402 өргөдөл, гомдол тус төвд ирсэн юм байна. “11 11” төвд ажилласан талаараа тэрбээр “Иргэд элсэлтийн ерөнхий шалгалттай (ЭЕШ) холбоотой асуудлаар нэлээд санал хэллээ. Их, дээд сургуулийн элсэлтийн журам, зарим сургууль элсэлтийн хураамж авдаг, боловсролын тэгш хүртээмжийн тухай, Ерөнхий сайдын тэтгэлэг болон БШУЯ-наас хэрэгжүүлж буй төслүүдийн талаарх мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвээр олон хүн санал бодлоо хуваалцлаа. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор иргэд хандаж байна. Бид ирэх есдүгээр сарын 1-нд сугалаагүй цэцэрлэгтэй болох тогтолцоо бий болгохоор нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа учраас намар гэхэд бодитой шийдвэр гарна. Цаашдаа дан ганц төрийн цэцэрлэг биш, хувийн болон байгууллагын цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллавал сугалаанд орж чадаагүй хүүхдүүдийн асуудлыг шийдэх бодитой боломж байна” гэжээ.