Баянхонгор луу өнгөрсөн сарын сүүлчээр явахдаа ихэд зүдрэв. Өвөрхангайн зам гэж там болжээ. Улсын чанартай авто зам гэхэд үнэндээ эмгэнэлтэй санагдав. Хаа сайгүй хагархай, нөхөөс, овон товон. Жолооч нар жаахан сэрэмж алдахад л “эвгүйтэж” мэдэхээр. Тэр зам дээр дугуй нь хагарсан, эвдэрсэн хэчнээн ч машинтай таарав, бүү мэд. Замын хажуу руу унаж, хамар нь чихэгдсэн машин харав. Үхэртэй мөргөлдсөний улмаас лааз шиг болсон тээврийн хэрэгсэл ч тэнд байна.
Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь “Урьхан” зоогийн газраас дайгдсан тус нутгийн иргэн “Энэ зам дээр олон хүн амиа алдаж, хагацал үзүүлсэн. Засвар хийнэ гээд олон жил болсон. Одоо засаж байна гээд мөнхөрлөө. Өөрчлөгдсөн, дээрдсэн зүйл үгүй” хэмээн халаглаж байлаа. Энэ чиглэлд хаа нэг зорчдог хүмүүс “үгээ хэлж” байхад түүгээр байнга явдаг орон нутгийнхан, хот хооронд тээвэр эрхэлдэг хүмүүс хэрхэн зүддэг нь ойлгомжтой.
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замыг 1986 онд барьж, 1992 онд ашиглалтад оруулсан. Энэ нь нийслэлийг баруун долоон аймагтай холбодог гол зам бөгөөд өдөрт дунджаар 5000 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг гэсэн статистик бий. Зорчих хөдөлгөөний ачаалал их, хүнд машин механизм байнга холхидог учраас хагарал, нүхэн эвдрэл байнга гардаг. Тэр бүрт нь хангалттай хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөлгүй, гүйцэт засалгүй, гал унтраах төдий арга хэмжээ авсаар өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд гэхэд 2004 онд их засвар хийсэн байх жишээтэй.
Тус чиглэлийн авто замыг бүрэн засаж, олон улсын чанартай гэх тодотголд нь хүргэнэ хэмээн цөөнгүй жил ярьсан. Олон ч сайд ингэж амласан. Үүнийг зөвхөн сонгуулийн хөзөр, УИХ-д сонгогдох шат болгож ашигласан хүмүүс ч бий. Зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынхан Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт царайчилж, удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд “Бүс нутгийг хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-д А0301 дугаартай, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замыг хамруулах болсон. Ингээд 2020 онд ЗТХЯ-ны үнэлгээний хорооныхон замын их засвар, шинэчлэл хийх компанийг шалгаруулсан боловч санхүүжүүлэгч байгууллагын зүгээс шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон байдаг. Тендерийн маргаан, гэрээ хэлцлийнхээ асуудлыг арайхийн нэг тийш болгоод, ажлаа эхлүүлэхийн даваан дээр цар тахал хэмээх томоохон саад гарч ирснээр төсөл таг зогссон юм. Энэ замын ажил яг л Дархан-Уул аймгийнхтай ижил “замналаар” сунжирч, гацжээ.
Улмаар БНХАУ-ын “Эйч кэй би интернэшнл холдинг” хэмээх компани 2021 оны хавраас тус чиглэлд ажиллаж эхэлснийг ЗТХЯ-ныхан сүр дуулиантай мэдээлж байлаа. Гэвч энэ нь ердөө 60 орчим км зам засах ажил байсан юм. 371-431 км-ийн хоорондох хэсэг буюу хамгийн их эвдрэлтэй, осол байнга гардаг “хар цэг”-гийг сонгосон гэж албаныхан тэр үед учирласан. Орон нутгийнхны ярьж, егөөддөг “жаргалгүй 60 км”-ийн ажил өдгөө далан задгай ТЕНДЕРИЙН
байна. Засвар хэзээ дуусаж, хэдийд ашиглалтад оруулах нь тодорхойгүй. Хаа сайгүй хэсэгчлэн зам хаасан, элс, хайрга овоолсон харагдав. Үүнээс болоод жолооч нар замын хажуугаар, зориулалтын бус газраар шороо манаруулан давхилдсаар. Цагаан тоос манарсан хөндий (Хүйтний гэж нэрлэдэг)-д үдэш, оройн цагаар зам тээврийн осол тасардаггүй, мал, амьтан мөргүүлэх тохиолдол байнга гардгийг нутгийн иргэн хэлсэн юм.
Энэ хөндийг сүлжин туучиж, цагаан тоосонд даруулсаар гол замд ороход дараагийн сорилт эхэлнэ. Тэр нь замын эвдрэл, гэмтэл. Хагархай, онгорхой болгоныг тойрч гарахын тулд жолооч нар эсрэг урсгал руу орох, эгнээ, байраа өөрчлөх гэж уралдана. Энэ үедээ шүргэлцэж, “тэврэлдэх” нь элбэг. Ерөөсөө Арвайхээрийн зам бүхэлдээ “хар цэг” болж хувирчээ. “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийнхан замын ан цав, нүхэн эвдрэлийг цаг тухайд нь нөхөж, зассаар буй ч хүчрэхгүй байгаагаа хэллээ. Аргагүй шүү дээ. 20 орчим жил их засвар хийгээгүй, зорчих хөдөлгөөний асар их ачаалалтай замын ашиглалт муудахаас яах вэ. Засвар, арчлалтад нь бага хэмжээний хөрөнгө төсөвлөдөг, түүнд нь тохируулж нүх, цоорхойгоо бөглөдөг байдлаар хэчнээн жил торгоох вэ.
Олон улсын чанартай авто зам гэдэг бол улс хооронд авто тээврийн хэрэгслээр зорчихыг зөвшөөрсөн байгууламжийг хэлдэг. Улс, орон нутгийн чанартай, тусгай зориулалтын замтай харьцуулахад ач холбогдол өндөртэйд тооцогддог. Тиймээс энэ ангиллын зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төр чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Манай улсын Авто замын тухай хууль дахь Засгийн газрын бүрэн эрхэд ч үүнийг тусгасан байдаг. Харамсалтай нь, тэд үүнийгээ хэрэгжүүлэлгүй, нүдэн балай чихэн дүлий юм шиг байсаар өнөөдрийг хүрчээ. Улс, олон улсын чанартай авто замын арчлалт, урсгал засварын ажилд санаа тавих ёстой төрийн байгууллагынхан ч хойш суусаар өдий хүргэжээ. Харин энэ зуурт монголчууд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа нь хамгийн эмгэнэлтэй.
Засгийн газар, ЗТХЯ, Зам, тээврийн хөгжлийн төв зэрэг байгууллагынхан цаашид энэхүү замыг бүрэн шинэчилж, их засвар хийхэд
анхаарахгүй бол улам дордож, хэцүүдэх нь. Шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд хүндрэлтэй бол улс, орон нутгийн төсөв, олон улсын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт зэрэг бусад эх үүсвэрээс хамжиж дэмнээд ч болтугай босгох боломж бий. Холбогдох хуульд авто зам, замын байгууламж засварлах үйл ажиллагааг дээрх эх үүсвэрүүдээс санхүүжүүлнэ, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт хөрөнгө оруулахыг төрөөс дэмжинэ гэж заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж хэлж байгаа нь шалтгаантай. Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчид 2020 онд Арвайхээр чиглэлийн авто замын 10 орчим км-ийг нь өөрсдийн хөрөнгөөр засах санаачилга гаргаж, ЗТХЯ-нд хандахад “Бид засварын ажлыг үе шаттай хийж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх болсон. Авто замын тухай хуулиар улс, олон улсын чанартай замын сүлжээг хөгжүүлэх ажлыг яам хариуцах учиртай. Санаачилга гаргасанд талархлаа” хэмээн боловсноор татгалзжээ. Төр энэ замыг шинэчлэх ажлыг өөрөө ч хийхгүй, өрөөлд ч хариуцуулахгүй “хамгаалсаар” ирсэн аж. Өдгөө тухайн хэсэгт шинэ зам барих ажлыг өмнөд хөршийн компани хариуцаж байгаа ч бүтэлтэй, бүтэлгүй баахан яриа дуулдах болов. Тэнд орчуулагчаар ажиллаж байсан эмэгтэй нас барсантай холбоотойгоор ажил нь саатсан л гэнэ. ЗТХ-ийн сайд Л.Халтар өнгөрсөн амралтын өдрүүдэд төслийн үйл явцтай танилцаад “Хэт нимгэн зам тавьж байна. Дахиж ажилла” гэдэг үүрэг даалгавар өгсөн гэх. “Жаргалгүй 60 км”-ийн ажил хэдийд дуусаж, өвөрхангайнхан хэзээ шинэ, дардан замтай болох нь бүрхэг хэвээр.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд хөгжүүлэх зорилт дэвшүүлээд буй. Ялангуяа бүс нутгийн онцлогт тулгуурласан дотоодын жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж тодорхойлсон. Үүний хүрээнд өвөрхангайчууд соёл, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавин, ажиллаж байгаа. Гэтэл аялал жуулчлал хөгжих үндэс суурь болсон дэд бүтэц тус аймагт алга. Энэ замаар дамжин баруун аймгуудад хүрдэг дотоодын аялагчдын урсгалд ч Арвайхээрийн зам том тээг болж байна.