Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан зарим мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Чанаргүй зээлийг гурван хэсэгт багцалсан. Тодруулбал, төрийн төрийн өмчит үйлдвэрийн газруудын 563, “Кю эс си” болон “Хөтөл” компанийн хамаарал бүхий этгээдүүдийн 495, аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй тэрбум буюу нийт 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүйджээ. Мөн 1.3 их наяд төгрөгийн зээлийн болзошгүй алдагдлын сан байгуулах актыг 2020 онд Монголбанкнаас тавьсан. Одоогоор дээрх зээлийн үлдэгдлээс 240-өөд тэрбум төгрөгийг нь төлсөн байна. Цаашид Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу зээлээ төлөх, эсвэл банкаа дампууруулах сонголтод хүрч ирлээ” гэв.
Түүнчлэн Хөгжлийн банкны захирал Н.Мандуул “Эрдэнэс Монгол” компани, Эрчим хүчний яам, Төрийн орон сууцын корпорац, Хөдөө аж ахуйг дэмжих сан зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжид чанаргүй зээлийн гуравны нэг нь ногдож буй. Тиймээс эдгээрийн охин компани тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг, ХААДС-д төвлөрүүлэх буудайн орлого зэргээс зээлийг нь төлүүлэх тухай ярьж байна” гэв. Ер нь төрийн өмчит компаниудын өр төлбөрийг жил бүрийн төсөвт суулган, Хөгжлийн банк руу шилжүүлэх тогтоол гарсан ч огт биелээгүй аж. Цаашид өмнө нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэн, жил бүр төсөвт дарамт багатайгаар өрөө төлж, банкаа дампуурахгүй байх нь зүйтэй болов уу хэмээн дээрх хорооны гишүүд үзэж буйгаа илэрхийллээ.