Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой цөөнгүй ажил энэ сард товлосныг “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-аас танилцуулав. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-аас санаачилсан “Талын салхи” олон улсын мото наадам 11- нд Сүхбаатарын талбайд болох бол хоёр хоногийн дараа Хэнтийд “Тогорууны баяр”- тай. Монголд болон дэлхийд ховордсон цэн, хархираа, хар, цагаан тогорууг ойроос харах, ажиглах боломж олгодог өдөрлөг Хурхын хөндийд 10 дахь жилдээ болох нь. Дараа нь Сэлэнгэд Гонгорын бумбын тахилгатай. Тус аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших “Амарбаясгалант” хийдээс жил бүр зохион байгуулдаг шашин, соёлын арга хэмжээ гурван өдөр үргэлжилж, 19-нд дуусах гэнэ. “Номадик” жуулчны баазынхан энэ зун нүүдэлчин ахуй, өв соёлыг сурталчлах зорилготой “Монгол нүүдэлчин” хөтөлбөрийг Төв аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь зургадугаар сарын 20-нд болох нь. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан орон нутгийн байгууллагуудтай хамтран Цагаан суварга дахь “Говь караван серай” жуулчны баазад 24, 25-нд “Сэтгэшгүй оддын чуулган” од ажиглах аялал зохиохоор хөтөлбөрөө батлуулжээ.