Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Эхэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 17 км/-т 06.03-ны өдрийн 05.15 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 05.23 цагт цахим шуудангаар ирүүлсэн аж. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв.
Мөн өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн “Бяцхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т 06.02-ны өдрийн 19.30 цагийн орчимд 16-19 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг онцгой байддын алба хаагчид хүлээн авсан аж. Тус багийн малчин Б-гийн 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болжээ.