Тунисийн Ерөнхийлөгч Зин эль-Абедин Бен Али албан тушаалаасаа огцорсноос хойш есөн сарын дараа буюу өнгөрсөн ням гаригт тус улсад Парламентын сонгууль боллоо. Санал өгөхөөр бүртгүүлсэн 4.1 сая хүний 90-ээс дээш хувь нь сонгуульд оролцсон байна. Санал хураах хэсгүүд ачаалал ихтэй ажилласан тул зарим нь төлөвлөсөн хугацаандаа хаалгаа бариагүй гэнэ.
АР агентлагийн мэдээлснээр тус улсад сонгуульд оролцох эрхтэй 3.1 сая хүн бүртгүүлээгүй, санал өгөөгүй гэнэ. Гэхдээ хүн амын талаас дээш хувь нь сонгуульд оролцсон гэдэг бол тун өндөр үзүүлэлт, тунисчүүд идэвхтэй байна хэмээн ажиглагчид онцолжээ. Засгийн газраа байгуулах, Ерөнхийл өгчийн үүрэг гүйцэтгэгчийг томилох, шинэ Үндсэн хуулиа бичих зэрэг ард түмний цаашдын хувь заяаг тодорхойлох чухал шийдвэрийг гаргах Парламент 217 гишүүнтэй байх юм.
Сэргэн мандалтын, Ардчилсан зэрэг 100 гаруй намын төлөөлөл, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцжээ. Санал хураалтын нэгдсэн дүнг удахгүй зарлана.
Х.Од