Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Ван мужид өнгөрсөн ням гаригт газар 7.2 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай АР мэдээлжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Идрис Наим Сахины хэлснээр одоогийн байдлаар 217 хүн амиа алдаж, 1090 хүн гэмтэж бэртээд байгаа аж. Олон улсын улаан загалмайн байгууллагын Турк дэх салбарын ажилтнуудын мэдэгдсэнээр Эржиш хотод л гэхэд 10 гаруй барилга байшин нурж, хүмүүс дарагдсан гэнэ. Түүнээс гадна Ван мужийн Ван хотын шоронгийн зарим хэсэг газар хөдлөлтөд өртөн нурсан, үүнийг ашиглан 150 гаруй хоригдол оргосон гэх мэдээлэл байна.
Гамшгийн улмаас амь үрэгдсэн хүний тоо цаашид ч өсөх магадлалтай хэмээн “Al Arabiya” телевиз дамжуулав. Геологи газарзүйн мэргэжилтэн Мустафа Эрдик “Газар хөдлөлтийн голомт 20 км гүнд байжээ. Армений нийслэл Ереванд чичирхийлэл мэдрэгдсэн” гэжээ. Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоан газар хөдлөлтөд өртсөн хо туудад очиж ард иргэдтэй уулзсан бө гөөд хохирлыг хурдан хугацаанд барагдуулахаа амласан байна.
Мөн ОХУ, Израиль тэргүүтэй орнууд Турк улсад болсон гамшгийн үр дагаврыг арилгахад туслахаа илэрхийллээ. Туркийн эрх баригчид Израилийн талаас тусламж авахгүй гэдгээ мэдэгдсэнийг ВВС уламжлав. Дашрамд хэлэхэд, Турк улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. 1999 онд тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 мянга гаруй хүн амиа алдаж байжээ.
Х.ОД