НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖЯ хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн есөн сумд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хэрэгжүүлж буй. Дорнод Монголын экосистемийг хамгаалах зорилготой тус төслийн хүрээнд мэргэжилтнүүд Хэнтий аймгийн Баян-Овоо сумд бэлчээр зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг орон нутгийн иргэдтэй хамтран боловсруулж, Хэрлэн голын татмыг хавар ногоо сэргэн ургах үед хоёр сар “амраах”, малын хөлөөс чөлөөлөх санаачилга гаргажээ. Эдгээрийг 2023 оноос хэрэгжүүлэх гэнэ.
Тэрчлэн бэлчээрийн ургамлын сэргэлтийн үе шатыг нарийвчлан тодорхойлох зорилгоор зургаан сумын зуслан, намаржааны газарт судалгаа хийсэн байна. Ингэхэд нийт бэлчээр дэх шавранцрын агууламж 15 хувиас бага, чийг муу, ургамлын төрөл зүйлийн харьцаа алдагдсан, зарим хэсэгт ашиглалтыг тэсвэрлэхээргүй хүчтэй доройтсон байжээ. Судлаачид тус бүсэд бэлчээр сэргэх чадавх дунд зэрэг гэж үнэлсэн бөгөөд зайлшгүй сэлгэж ашиглуулах шаардлагатай гэж дүгнэсэн аж.