Өмнөговь аймгийн төв Даланзадгадын хүн ам 5-6 жилийн өмнө 14 000 гаруй байсан бол өдгөө 25 000-д хүрчээ. Явуулын хүмүүс, энд, тэндээс ирж ажиллагсдыг оролцуулбал 45 000-50 000 иргэн тэнд урт, богино хугацаагаар ажиллаж, амьдарч буй тооцоо бий. Ийнхүү хүн ам нь өссөөр буй нь “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагаатай холбоотой. Ялангуяа “Оюутолгой” компанид өдгөө 15 000 орчим хүн ажиллаж байгаа нь тэдэнд шаардлагатай хувцас, хэрэгслийг ханган борлуулагчид, хоол хүнс бэлтгэн нийлүүлэгч том, жижиг аж ахуйн нэгж, ажилтнуудын тоог өсгөн, чадавхжуулж буй нэг шалтгаан гэхэд болно. Энэ талаар сурвалжлан, уурхай түшиглэн хөгжиж буй бизнес эрхлэгчдээс онцоллоо.
Даланзадгадын төвд 0.07 га талбай буюу нэг өрхийн хашаанд олон хүний ажлын байр, амьдралын баталгаа болж буй “Хасудбат” компанийн гурван давхар байр бий. Тус компанийг үүсгэн байгуулагч, захирал Б.Ганбат 1995 онд арьсаар гутал, жижиг эдлэл хийж эхэлсэн нэгэн. Гэргийн хамт 27 жилийн өмнө эхлүүлсэн өрхийн үйлдвэрлэл нь өдгөө 50 орчим ажлын байр бий болгон, “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчийн нэг болтлоо өргөжжээ. “Хасудбат”-ынхан Монголд боловсруулсан ямааны арьсаар бээлий, хамгаалалтын бүс, гагнуурчны иж бүрэн хувцас зэргийг хийж буй. Тодруулбал, уурхайчдын өмсөх бээлий нь 500 градусын халууныг 15 минут тэсвэрлэдэг бөгөөд зүсэгдэж, урагдах хугацаа урт. Гагнуурчны хувцас, хамгаалалтын бүс нь мөн л эдэлгээ даах чадвартай, олон улсын стандартын шаардлагад нийцжээ. Оёдлын үйлдвэр нь долоо хоногт 5000 ширхэг боловсруулсан ямааны арьс худалдан авч, сард “Оюутолгой”-д гэхэд 20 000 хос бээлий, бусад бүтээгдэхүүн оёж бэлтгэдэг гэнэ. Харин гагнуурчны хүрэм, хамгаалалтын бүс зэргийг захиалгын дагуу хийдэг юм байна. Дээрхээс гадна импортоор оруулж ирдэг мөрөвчийг дотооддоо хийх зорилгоор оёж эхэлснээ Б.Ганбат танилцуулсан. Энэ нь зарим уурхайчин бүсэндээ холбон зүүдэг нейлон материал, хуванцар тоног бүхий мөрөвч юм. Тэрбээр “Манай компанийн үйл ажиллагаа “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчийн нэг болсноор илүү өргөжсөн. Тодруулбал, үйлдвэрлэлийн бүтээмж, оёмол бүтээгдэхүүний хэмжээ 40 хувиар өссөн. Найдвартай харилцагч, томоохон худалдан авагчтай байх ашигтай юм. Цар тахлын үеэр “Оюутолгой” компани захиалгаа цөөрүүлээгүй, аймаг, орон нутгийн зүгээс тээврийн асуудлыг зохицуулж өгснөөр бид үйлдвэрлэлээ зогсоолгүй хэвийн ажилласан. Ер нь нэг хүний амжилт ололт нэлээд олон хүнд нөлөөлдөг гэж боддог. Эхнэртэйгээ эхлүүлсэн бизнес маань цөөнгүй ажилчин, тэдний гэр бүлийнхэнд өгөөжөө өгч буй нь нэг жишээ. Улмаар “Оюутолгой”-н үйлдвэрлэл жигдэрч, ханган нийлүүлэгчдээ дэмжин, тогтвортой хамтран ажиллах орчин бүрдүүлсэн нь удаах жишээ юм. Цаашид уул уурхайн салбарт хэрэглэж буй арьс, ширэн бүтээгдэхүүний импортыг халахад хувь нэмрээ оруулахын сацуу экспортлогч болох мөрөөдөл бий. Манай улс дотооддоо түүхий, боловсруулсан арьсны нөөц ихтэй. Түүхий эд боловсруулалтын түвшин ахисаар байгаа нь том давуу тал” гэсэн юм. Үүнээс гадна “Хасудбат”-ынхан дулааны цахилгаан станц, дугуй засварын газар, төмөр замын бүтээн байгуулалтын ажилчдад хамгаалалтын хувцас, хэрэгсэл, бээлий нийлүүлдэг аж. Мөн шаардлагатай тохиолдолд, эсвэл захиалгаар цүнх, хүрэм, хэтэвч, бусад жижиг эдлэл хийх боломжтой гэнэ. Дээрх компанийн оёдлын үйлдвэр одоогоор үндсэн 30, туслан гүйцэтгэгч 20 орчим ажилчинтай. Тэд бүгд Өмнөговийн иргэн бөгөөд сард багадаа нэг, гүйцэтгэл сайн бол гурван сая төгрөгийн цалинтай. Хамт олноороо болон захирал Б.Ганбат нь оны шилдэг энтрепренер, ажил олгогч, арьсан эдлэлийн шилдэг үйлдвэрлэгч зэрэг шагналыг МҮХАҮТ, орон нутгийн захиргаанаас хүртсэн, “Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчийн нэг юм.
Онцолж буй дараагийн компани нь “Good root inter trading”. Мах боловсруулах чиглэлээр 2019 онд байгуулагдсан тус компанид өдгөө 10 гаруй хүн ажиллаж байна. Зориулалтын хувцас, хэрэгсэлтэй ажилчид нь мах эвдэх, хэрчих, машиндах төхөөрөмж тус бүрийг ажиллуулж, хоногт таван тонн мах бэлтгэдэг аж. Бэлтгэх гэдэг нь махаа хоол, зууш тус бүрийн зориулалтаар хэрчиж, зорж, жижиглэн, жинлээд таван кг-аар савлан, хайрцаглах үйл явцыг хэлж буй. Өдөрт бэлтгэсэн махныхаа 80 хувийг Оюутолгойн уурхайн гал тогоонд нийлүүлдэг бол үлдсэнийг нь хүнсний сүлжээ дэлгүүр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт борлуулдаг юм байна. Мэдээж “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчийн нэг болсноор мал төхөөрч, гулууз бэлтгэх цехээ өргөжүүлэн, эрүүл ахуйн шаардлага, бусад стандартад нийцсэн үйлдвэр болгожээ. “Good root inter trading”-ийн технологич Ж.Бямбанаран “Манай үйлдвэр малчдаас бог, богийн мах худалдан авдаг. Харин үхрийг Дорнод аймаг дахь фермдээ өсгөн үржүүлдэг. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн автоматжсан учраас цөөн хүн ажилладаг. Ийм боломждоо түшиглэн өнгөрсөн жил 150, энэ онд мөн 150 тонн мах нөөцлөн, аймгийн иргэдийн хүнсний хангамжийг бүрдүүлэхэд оролцсон. Цаашид бид олон улсын ISO стандарт нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа” гэв.
“Оюутолгой” компанийн дэргэдэх “Говийн оюу хөгжлийг дэмжих” санг 2015 онд байгуулж Өмнөговийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож, хөрөнгө оруулж эхэлжээ. Уг сангаас “Говийн оюу-бизнес боломж” хөтөлбөр хэрэгжүүлэн, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд сарын нэг хувийн хүүтэй зээл авах боломж бүрдүүлсэн байна. Уг хөтөлбөрт хамрагдаж, 20 сая төгрөг зээлэн, бизнесээ босгосон нэгэн бол Г.Цэцэгмаа. Тэрбээр “Говийн диваажин” компаниа байгуулан, Даланзадгадын төвд “Дуду” нэрийн пиццаны газрыг 2019 онд нээжээ. 2011-2019 онд Оюутолгойн уурхайн гал тогоонд ажиллан, гадаад мэргэжилтнүүдээр пицца болон түргэн хоол хийх арга, технологи заалгасан туршлагадаа үндэслэн хувийн бизнестэй болсон нь энэ. Дээрх пиццаны газар өдгөө 10 орчим төрлийн пицца, шарсан тахиа болон төмс санал болгож байна. Тохилог, цэвэрхэн орчинтой “Дуду” Өмнөговийн хүүхэд, залуусын үйлчлүүлэх дуртай газрын нэг нэгэнт болсон байна лээ. Г.Цэцэгмаагийн төлөвлөгөө бол аймгийн төвд салбараа нэмж байгуулах, мөн хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх гэнэ. Ажилтнуудаа хоёр өдөр дараалан ажиллуулж, хоёр өдөр амрааж хэвшсэн нь хүн хүчгүйдэх асуудлаа шийдэхэд тусалжээ. Голдуу эмэгтэйчүүд гал тогоонд ажилладаг учраас ар гэртээ зарцуулах цагийг нь уртасгах, компанийн хүний нөөцөө ч алдахгүй байх зорилгоор ээлжээр ажиллуулж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн гэнэ.
Дээрх сангаас “Хүлэмж цогцолбор сургалтын төв” буюу зургаан хүлэмж бүхий талбайг 600 сая төгрөгөөр тохижуулж Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өгчээ. Мөн нарийн ногоо, жимс тарих сонирхолтой 300 иргэнийг 70 хүртэлх хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмжтэй болгожээ. Сургалтын хүлэмжид улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ болон навчит ногоо тарьж, үрслүүлэхийн зэрэгцээ сургалтын бааз бий болгосон. Сургалтын бааз нь ногоо тарих сонирхолтой хүмүүст сургалт хийн, практик дадлага олгох орчин гэсэн үг. Хүлэмжтэй болсон иргэд бүгд сайн ажиллан, өрхийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ борлуулж орлогоо өсгөж байгаа гэнэ. Өмнөговь нь жилийн дундаж дулааны нийлбэр өндөртэй аймагт тооцогддог. Энэ нь нарийн ногоо, тарвас, амтат гуа тарих таатай нөхцөлтэй гэсэн үг. Харин салхи шуурга ихтэй учраас хүлэмжийн материал, хүлэмж барих технологио зөв сонгох шаардлагатайг “Хүлэмж цогцолбор сургалтын төв”-ийн ерөнхий агрономич Д.Загдрагчаа хэлэв. Түүнчлэн дээр дурдсан зургаан хүлэмжийн хажууд орон нутгийн төсвийн хөрөнгөөр гидропоник буюу хөрсгүй орчны таримлын хүлэмж барьсныг дурдах нь зүйтэй. Дөрвөн улиралд ашиглах боломжтой тус хүлэмжид голдуу таримал, ургамлын үрслэгээ хийдэг. Эл хүлэмжээс тарвас, амтат гуаг жилд нэг удаа, түргэн болцтой навчит ногоог гурав, өргөст хэмх улаан лоолийг болцоос нь шалтгаалж 14-21 хоногт хураадаг гэнэ. Өмнөговийн нэрийн хуудас болсон улаан лооль, бусад нарийн ногооны энэ жилийн анхны ургацыг ирэх сарын гуравдугаар долоо хоногт хураах аж.
Эндээс харахад, өмнийн говьд уул уурхай түшиглэсэн их бүтээн байгуулалт өрнөхийн зэрэгцээ эл салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын шууд болон шууд бус дэмжлэгтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, ажлын байрыг олшруулсаар байна. Ерөөс уул уурхайн чиглэлийн компаниуд иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан ажил, бизнес хийх сонирхолтой л бол аль болох дэмжье, хамтран ажиллая гэдэг аж. Ташрамд дурдахад, “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, “Оюутолгой”-н хамтын ажиллагааны хүрээнд тус компани жил бүр таван сая ам.долларыг санд шилжүүлж иржээ. Ингэснээр одоогоор нийт 99.7 тэрбум төгрөгийг орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулж, байгалийн тэнцвэрийг хадгалах зэрэг зорилгоор төсөл, хөтөлбөр санхүүжүүлснийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат хэлсэн юм.