Европын Төвбанкны дараагийн уулзалт болох үеэр бонд худалдан авах хөтөлбөрийг ирэх долдугаар сард зогсоох, эсэхийг шийдвэрлэх агаад үүний дараа бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргана хэмээн Пабло Эрнандес де Кос өгүүлснийг “Reuters” агентлаг уламжлав. Тус банк Хөрөнгө худалдан авах хөтөлбөрөөр (APP) дамжуулан санхүүгийн системд бэлэн мөнгө нийлүүлсээр байгаа аж. Хэрэв Европын Төвбанк бодлогын хүүгээ нэмэхээр болбол сүүлийн 10 гаруй жилд анх удаа ийм шийдвэр гаргана гэсэн үг билээ.
Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулахыг хичээсэн ч Евро бүсэд (19 орон багтдаг) өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляц 7.5 хувь болж, дээд түвшинд хүрсэн нь зорилтот хоёр хувиас бараг дөрөв дахин давсан дүн юм. Сүүлийн 10 гаруй жил инфляцын түвшин доогуур байж ирсэн бол өдгөө эл үзүүлэлт ийнхүү өсөөд буй үед шийдвэр гаргах дээрх банкны бодлого боловсруулагчдын нэг, Испанийн Төвбанкны 70 дахь тэргүүн Пабло Эрнандес де Кос “Ирэх зургадугаар сард тодорхой шийдвэрүүд гаргана” хэмээн Германы Бундесбанкны зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох үеэрээ дурдсан байна. Түүнчлэн Европын Төвбанкны гол шийдвэрийг гаргадаг Удирдах зөвлөлийн гишүүн Роберт Холцманн “Хасах хувьтай бодлогын хүүд баяртай гэж хэлэхэд бэлэн байх хэрэгтэй. Инфляцын өсөлтийг тогтоохын тулд бодлогын хүүг энэ онд гурван удаа нэмэх нь зүйтэй” хэмээн Вена дахь оффистоо ярьсныг “Politico” дамжуулав. Австрийн Төвбанкийг удирдаж буй тэрбээр мөн “Инфляц хэдэн сарын өмнө бидний таамаглаж байснаас ч өндөр дүнд хүрсэн” гэжээ. Өдгөө дээрх банкны бодлогын хүү -0.5 хувьтай байгаа бөгөөд үүнийг үе шаттай өсгөснөөр 0.25-д хүргэж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж буй аж. Тэгвэл Роберт Холцманн уг дүнг 1.5 орчим хувьд хүргэх нь зүйтэй хэмээн үзэж буй бөгөөд “Энэ оны эцэс гэхэд байгаа мэдээллүүдээ ашиглан цаашид ямар хурдтайгаар шийдвэр гаргахаа тодорхойлох боломжтой. Хэрэв инфляцын түвшин гурван хувь болон түүнээс доошилбол бодлогын хүүг аядуу өсгөж болох юм. Харин хэрэглээний үнийн индекс таван хувь байвал бодлогын хүүг ирэх жил 1.5 хувиас ч ахиулах шаардлага тулгарч болзошгүй. Зургадугаар сард бид сүүлийн үеийн дата мэдээллийг хүлээн авна. Энэ нь ирэх гурван жилийн төлөвийг эргэцүүлэх үе байх болно” гэж тодотгожээ. Тэрбээр АНУ-ын Холбооны нөөцийн сан шиг бодлогын хүүг нэг удаад 50 суурь нэгжээр өсгөх шаардлагагүй хэмээн үзэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Сонирхуулахад, Евро бүсийн орнуудын өрийн дарамтыг бууруулах зорилгоор Европын Төвбанкны бодлогын хүү 2014 оноос хойш хасах хувьтай байгаа аж.
Украин дахь дайнтай холбоотойгоор инфляцын хүү урт хугацаанд өндөр байх магадлалтай хэмээн тус банкныхан үзэж буй. Европын Төвбанкны дэд ерөнхийлөгч Луис де Гуиндос саяхан Евро бүсийн инфляц энэ жилийн эцэст таван хувьтай байна хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард дээрх хүүг дөрвөн хувь байна хэмээн тооцоолсноо өөрчилсөн гэсэн үг. Тэгэхээр эл банкныхан бодлогын хүүгээ 2023 онд ч нэмэхийг үгүйсгэхгүй.
Дээрх банкны бодлогын хүүг нэмэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж буй өөр нэг хүн бол Ирландын Төвбанкны тэргүүн Габриел Макхлоуф. Тэрбээр “Хасах хувьтай хүүгийн “эрин” дуусах нь тодорхой болоод байна. 2014 оны эцсээр эхлүүлсэн бонд худалдан авах хөтөлбөрийг ирэх сар, эсвэл долдугаар сар гэхэд зогсоох нь зүйтэй” хэмээн өгүүлжээ. Хөрөнгө худалдан авах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэс гэхэд бараг 3.39 их наяд еврогийн бонд худалдаж авсан дүн бий.
Түүнчлэн дээрх банкны Удирдах зөвлөлийн гишүүн Исабел Шнабел “Найдвартай байдлаа хамгаалж, инфляцын өсөлтийг хяналтаас алдахаас сэргийлж Европын Төвбанк арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн дурджээ. Ер нь эдийн засагчид дээрх банкийг бодлогын хүүгээ нэмнэ гэдэгт итгэлтэй буй юм байна. Тухайлбал, UBS банкны Рейнхард Клуз 2023 он гэхэд Европын Төвбанкны бодлогын хүү 1.25 хувьд хүрсэн байна хэмээн төсөөлж буйгаа илэрхийлжээ. Мөн “Pictet wealth management”-ийн стратегич Фредерик Дукрозет “Европын Төвбанк бодлогын хүүгээ нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол хэдийн тодорхой болсон хэлцэл” хэмээн дурджээ.
Европын Төвбанкны ерөнхийлөгч Кристин Лагард “Бонд худалдан авах хөтөлбөрийг гуравдугаар улирлын эхээр зогсоох ёстой” хэмээн байр суурь илэрхийлээд “Энэ нь хэсэг хугацааны дараа бодлогын хүүг өсгөнө гэсэн үг” хэмээсэн байна. Дээрх хөтөлбөрийг зогсоосноор Евро бүсэд зээл авахад зардал өсөх магадлалтай аж. Түүнийг дээрх хүүг долдугаар сарын эхээр нэмэх дохиог тодорхой өгсөн хэмээн “Finan¬cial times” тодотгосон юм. Кристин Лагардын өгүүлснээр Евро бүсийн хөрөнгө оруулалт болон иргэдийн зарцуулалт цар тахал дэгдэхээс өмнөх үеийн түвшнээс доогуур хэвээр байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, дэлхий даяар инфляцын өсөлт аюул дагуулж буй. Тухайлбал, АНУ-д дөрөвдүгээр сард инфляц 8.3 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жил дэх хамгийн өндөр түвшин юм. Тэгвэл Британид хэрэглээний үнийн түвшин есөн хувь болсон нь мөн л 40 жилийн хамгийн өндөр дүн гэдгийг CNBC онцолжээ. Английн Төвбанкны тооцсоноор энэ оны эцэст дээрх хувь 10-т хүрч өсөх магадлалтай аж. Эдгээрээс харвал, улс орнуудын Төвбанк бодлогын хүүгээ цаашид ч дахин нэмж болзошгүй юм. Эргэн сануулахад, АНУ-ын Төвбанк энэ сарын эхээр бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөсөн билээ. 2022 он гарснаас хойш тус банк уг хүүг хоёр дахь удаагаа нэмсэн нь энэ. Тэгвэл Английн Төвбанк энэ сард бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмснээр нэг болгосон нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш дөрөв дэхээ өсгөсөн гэсэн үг. Түүнчлэн Европын Төвбанк өнгөрсөн гуравдугаар сард Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг таамгийг бууруулсан юм. Тус банк уг төсөөллийг хэрхэн өөрчилснөө ирэх зургадугаар сард дахин танилцуулахдаа төлөвийг доошлуулах магадлалтай хэмээн шинжээчид дурджээ. Өдгөө Европын Холбооны 27 орны гуравны нэгт нь инфляц хоёр оронтой тоонд хүрээд байгаа аж. Тухайлбал, Эстонид инфляц жилийн хугацаанд бараг 19 хувиар өссөн байна. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки дайн өдөөн, бараа, бүтээгдэхүүний үнийг огцом өсгөхөд хүргэсэн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг буруушаажээ. Өдгөө “Putinflation” хэмээх “үг” ч гараад буй юм. Украин дахь дайнтай холбоотойгоор хүнс, бараа, бүтээгдэхүүний үнэ цойлоод буй өнөө үед мөнгөний бодлогоо хэрхэн залах нь улс орнуудын Төвбанкуудад хүнд сорилт болоод байна.