АНУ-ын нийслэл Вашингтонд халдлага зохион байгуулах, Саудын Арабын Элчин сайдын амь насыг хөнөөхөөр төлөвлөж байсан хэрэг дуулиан дэгдээсэн хэвээр байна. Гэмт халдлагыг Ираны эрх баригчид захиалсан хэмээн Америкийн тусгай ажилтнууд мэдэгдсэнийг “Эдийн засгийн хямралаас олны анхаарлыг холдуулах, хоёр улсын хооронд хагарал үүсгэх гэсэн оролдлого” хэмээн үзэж буй хүн олон байна. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад ч ийм байр суурьтай байгаа бөгөөд халдлага зохион байгуулах төлөвлөгөөний талаар мөрдөж шалгахгүй гэдгээ мэдэгдсэнийг “Reuters” дамжууллаа.
Тус улсын Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи гэмт этгээдүүдийн талаар шалгаж, улсынхаа нэр төрийг хамгаална хэмээн өмнө нь мэдэгдсэн юм. Түүнээс гадна Ираны Тагнуулын албанынхан энэ хэрэгт ямар ч хамаагүй, гэмт этгээдүүдтэй хамтарч ажиллаагүй хэмээн тэрбээр онцлов. Харин Саудын Арабын Элчин сайдын амийг хөнөөхийг Ираны эрх баригчид захиалсан, олон улсын эрхийг зөрчсөн энэ үйлдлийнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой хэмээн Цагаан ордон үзэж буй.
Х.ОД