Дэлхийн хамгийн баян эрхмээр тодроод буй Илон Маск болон түүний үүсгэн байгуулсан “Старлинк” компанийн тухай монголчууд зэгсэн мэдээлэлтэй боллоо. Өмнө нь түүнийг онцгой сонин хоббитой тэрбумтан, сансрын пуужин, агаарын хөлөг үйлдвэрлэлийн “SpaceX” компанийн эзэн төдийхнөөр мэддэг байсан бол өдгөө дэлхий дахинд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөр, ирээдүйн амбиц, хүсэл зорилгынх нь талаар ч сонирхож, судалж эхлэв. Энэ бүхний шалтгаан нь Өмнөд Африкаас гаралтай бизнесмен эр манай улсад нам орбитын хиймэл дагуулын технологи бүхий интернэтийн үйлчилгээ нэвтрүүлэхээр “Старлинк сервисэс Монголиа” компани байгуулсан явдал юм.
“Старлинк” компани сансарт 30 мянган хиймэл дагуул байршуулж, дэлхий нийтийг утасгүй, хөдөлгөөнт интернэтээр хангах зорилготой бөгөөд одоогоор 2000 гаруйг нь дэлхийн тойрог замд “аялуулан”, шинэ технологид суурилсан үйлчилгээгээ 32 улсад нэвтрүүлээд байна. 2023, 2024 онд цөөнгүй орныг энэ сүлжээнд холбохоор төлөвлөсний дотор Монгол, Казахстан, Турк, Энэтхэг зэрэг 60 гаруй улс багтжээ.
Монгол Улсад интернэтийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх сургаар олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлэх болов. Зарим нь “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд яригдаж болзошгүй. Болгоомжтой хандах ёстой” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Интернэт, харилцаа холбооны найдвартай ажиллагаа нь хоёр хөршөөс шууд хамаардаг манай улсын хувьд үүнийг нэвтрүүлэх нь үндэсний аюулгүй байдалд харин ч тустай” гэж сөргүүлэх. Хүмүүсийн хандлагыг ажиглахад олонх нь тус санаачилгыг дэмжиж байна. Тэгвэл албаны хүмүүс, судлаачид юу хэлэх бол. “Старлинк”-ийн интернэт Монголд нэвтэрснээр ямар боломж нээгдэх вэ. Татгалзах, болгоомжлох шалтгаан бий юү. Хууль, эрх зүйн орчин бүрдсэн үү. Эдгээр асуултад хариулт авах зорилгоор зарим хүний байр суурийг сонирхлоо.
ДОТООДЫН КОМПАНИУДААР ДАМЖУУЛЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
З.Гантогоо (Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга): Нам орбитын хиймэл дагуулд суурилсан интернэтийн үйлчилгээ бол шинэ технологи. Энэ чиглэлийн үйлчилгээ нэвтрүүлсэн компани “Старлинк”-ээс гадна хэд хэд бий. Канадын “Telstra”, Британийн “Oneweb” гэх мэт. Эл компаниуд нам орбитод хиймэл дагуул хөөргөж, бүл үүсгээд, дэлхийн өнцөг булан бүрт интернэт нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ шинэ технологитой холбоотой баримтлах бодлогын чиглэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам өнгөрсөн гуравдугаар сард баталсан. Харилцаа холбооны зохицуулах хороо үүнд үндэслэн тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, шаардлагаа тодорхойлох учиртай. Үүнийг тодорхой болгочихвол эдгээр компани Монголд үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Хориглох шалтгаан байхгүй. Шинэ технологи гэдэг үүднээс аль болох дэмжих бодлого баримтална.
Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг А, Б гэж ангилдаг. А нь бөөний үйлчилгээ нийх, Б нь жижиглэн худалдааных. Одоогоор Монголд “Мобиком”, “Жемнэт” гэсэн хоёр компани интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлж байна. Тэд олон улсаас интернэт авч, Б ангиллын зөвшөөрөлтэй компаниудад жижиглэнгээр худалддаг. “Старлинк” Монголд үйлчилгээ нэвтрүүллээ гэхэд А ангиллын зөвшөөрөлтэй компаниудаас интернэтийн урсгалаа авна. Эцсийн хэрэглэгчидтэй ч шууд харилцахгүй. Б зөвшөөрөлтэй компаниудаар дамжуулж, үйлчилгээгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, А ангиллын зөвшөөрөлтэйгөөс нь интернэтийн урсгалаа авч, Б-гээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээгээ зарна гэсэн үг. “Юнител”, “Скайтел” зэрэг интернэтийн жижиглэн худалдаа эрхлэгчидтэй өрсөлдөх учраас дотоодын зах зээлээ хамгаалах үүднээс ийм бодлого гаргасан. Тэрчлэн манай оронд газрын станц заавал байгуулж, Монголын интернэт солилцооны төв (MIX)-тэй холбогдох шаардлага тавина. Мөн алслагдсан, сүлжээгүй газруудад л үйлчилгээгээ нэвтрүүлэх ёстой.
Монгол Улс цахим шилжилтийн бодлого баримталж буй ч интернэтийн сүлжээ, үйлчилгээ иргэн бүрт хүртээмжтэй байж чаддаггүй. Нийт өрхийн 80 орчим хувь нь интернэт хэрэглэдэг. Хэрэв нам орбитын хиймэл дагуулын технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлбэл үлдсэн 20 хувийг нь интернэтээр хангах боломж бүрдэх юм.
АЛСЛАГДСАН ГАЗАРТ ХАРИЛЦАА ХОЛБОО ХӨГЖИНӨ
Б.Мягмарнаран (Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга): Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулахын тулд өмнө нь Үндэсний хөгжлийн газраас тусгай зөвшөөрөл авдаг байсан бол одоо Эдийн засаг, хөгжлийн яам ийм эрх олгож буй. “Старлинк”-ийн хувьд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг учраас манай хорооноос зайлшгүй зөвшөөрөл авах ёстой. Одоогийн байдлаар ийм хүсэлт ирүүлээгүй. Монголд үйл ажиллагаа явуулахаар компани байгуулж, бэлтгэлээ базааж байна гэж ойлгосон. Энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад хамаарах бодлогын баримт бичгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам баталсан. Бид үүнд нийцүүлж л тусгай зөвшөөрөл олгоно. Дан ганц “Старлинк” бус, Британийн “Oneweb” зэрэг ижил төрлийн үйлчилгээ эрхлэгч компани ч хууль ёсны дагуу зөвшөөрлөө аваад, манай улсад үйл ажиллагаа явуулах боломжтой.
Харилцаа холбоог стратегийн салбар гэж үздэг. Тэр үүднээсээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг Үндэсний хөгжлийн газар бүртгэдэг байсан юм. Үүнээс улбаалаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал сөхөгдөж болзошгүй, тусгай зөвшөөрөл олгохдоо нухацтай хандах ёстой гэсэн яриа олон нийтийн дунд үүссэн болов уу. Хиймэл дагуулд суурилсан үйлчилгээний онцлог бол газар зүйн байршил үл хамаардаг. Тэгэхээр энэ төрлийн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж эхэлбэл алслагдсан газрууд цахим дэд бүтэцтэй болно. Зөвхөн интернэт гэлтгүй харилцаа холбооны бусад үйлчилгээ ч хөгжинө. Уул уурхай, аялал жуулчлалын бүсэд ихээхэн ач холбогдолтой. Монгол орон өргөн уудам газар нутагтай учраас нам орбитын хиймэл дагуулын технологийг дэмжиж, интернэтийн хүртээмжээ сайжруулах боломжтой.
ОЛДСОН БОЛОМЖИЙГ ТҮЛХЭХ ХЭРЭГГҮЙ
Н.Энхбаяр (Эдийн засагч, судлаач): Одоогийн байдлаар “Старлинк”-ийн интернэтийг дэлхийн 32 оронд ашиглаж байна. Тус компани дэлхий дахинд 250 мянган хэрэглэгчтэй бөгөөд үүнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, компанийн төлөөлөл цөм багтаж буй. Үйлчилгээний өртгийн хувьд харьцангуй өндөр. Нэвтрүүлэх тохиолдолд зөвхөн урьдчилгаанд 599 ам.доллар төлөөд, цаашид сар бүр 110 ам.доллар төлөх юм билээ. Шинжлэх ухаан, технологийн дэвшил үргэлж урагш тэмүүлж байгаа энэ үед хоцрогдсон технологи тухайн нэг компани төдийгүй салбар, улс орнуудын хөгжилд ч саад тотгор болдог. Мэдээлэл, харилцаа холбооны технологи маш хурдтай хувьсан өөрчлөгдөж буйг бид сүүлийн 10 гаруй жилд мэдэрч, харж байна. Тиймээс тус компанийн интернэтийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэхэд татгалзах томоохон шалтгаан үгүй. Харин ч давуу тал болгож ашиглах хэрэгтэй. Үйлчилгээний төлбөр, үнэ хөлс өндөр учраас үүнийг хот суурин газарт ашиглах төдийлөн шаардлагагүй болов уу. Харин алслагдсан газруудад, уул уурхай, хайгуулын компаниуд ашиглавал нэн тохиромжтой. Үйлчилгээ нэвтрүүлэх цар хүрээ нь суурин газраас нэгэнт ангид бол ижил төстэй үйлчилгээ үзүүлж буй дотоодын компаниудад сөрөг нөлөө бага. Тэдний орон зайг булаах, шахах асуудал үүсэхгүй.
Сүүлийн 10 гаруй жилд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь уул уурхай, геологи хайгуул, банкны салбарт хамаарч байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг тул гадаадын хөрөнгө оруулагчдыг зайлшгүй татах шаардлага бий. Манай улсын эдийн засгийн цар хэмжээнээс шалтгаалаад томоохон хөрөнгө оруулалт татах боломж ч хязгаарлагдмал, маш бага байдаг. Иймд улс орныхоо цаашдын хөгжил, ирээдүйг бодолцон, “Старлинк” компанид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох нь зүйтэй. Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд дээрх гурваас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах боломж хомс, манай зах зээлийг сонирхох хөрөнгө оруулагч цөөн тул олдож буй боломжийг түлхэх хэрэггүй юм.
МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЭХЛЭЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Б.Анхбаяр (Стратеги судлаач, “Илч инсайт” ХХК-ийг үүсгэн байгуулагч): “Старлинк” компани олон улсад үйлчилгээгээ нэвтрүүлээд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Тус компани low orbit буюу дэлхийн агаар мандалд харьцангуй ойр байрласан 2400 гаруй хиймэл дагуулын тусламжтайгаар өндөр чанартай, хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ үзүүлж буй. Дэлхийн цаг уурт онцгой нөлөө үзүүлдэг Амазоны ширэнгэн ойн экосистемийг хамгаалахад тус технологийг давхар ашиглана гэсэн мэдээлэл бий. Интернэтийн гарц гэдэг нь өнөө үед бүх төрлийн харилцаа холбоог орлох зүйл. Бүх газар нутаг, алслагдсан бүсийг шилэн кабельд холбох бололцоогүй учраас интернэтийн өөр гарцтай байх нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой.
Тус төслийг санаачлагч Илон Маск дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий, технологийн салбарын дүр төрх болсон хүн. Магадгүй энэхүү бизнес нь амжилттай болбол дараа дараагийн мега төслүүдээ Монголд хэрэгжүүлэхийг үгүйс гэхгүй. Тухайлбал, тэрбээр “Марс гаргийг эзэмших” амбицтай. Харин Монголын агаарын орон зай сийрэг, хүн амын нягтшил бага, цаг уур зохимжтой учраас сансрын туршилт, судалгаа хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүс нутагт тооцогддог. Тэгэхээр сансар судлалын салбарт ч түүний анхаарлыг нь татах боломж бий гэсэн үг. Энэ бүхний эхлэл нь “Старлинк” байгаасай. Мэдээж тусгаар улсын хувьд харилцаа холбооны хөгжлийн бодлого гэж бий. Гэхдээ шинэ технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхэд саад тотгор бололгүй стратегийн түвшинд хэлэлцэж, найр тавих нь зүйтэй болов уу. Тухайн компани ч Монголыг ч их хэмжээний ашиг олох том зах зээл гэж хараагүй байх.
Аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарынхнаас гадна жирийн малчид ч “Старлинк”-ийн үйлчилгээг авах боломжтой бөгөөд аль ч цэгээс хөдөлгөөнт интернэтэд холбогдохоороо давуу талтай. Интернэт бол хамгийн чухал дэд бүтэц. Ийм үйлчилгээ нэвтрүүлбэл жуулчид ч удаан хугацаагаар Монголд саатах боломж бүрдэнэ. Найдвартай интернэт холболттой л бол дэлхийн хаанаас ч аялангаа ажлаа хийдэг цахим нүүдэлчид (digital nomads)-ийн шинэ үе айсуй.