Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас өнгөрсөн баасан гаргаас эхлэн задгай вагоноор эрчим хүчний нүүрс манай улсаас импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ. Үүнээс өмнө тавдугаар сарын 13-нд дээрх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт эрчим хүчний нүүрсийг задгай вагоноор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг илгээснийг зарим эх сурвалж мэдээлсэн. Гэхдээ Замын-Үүдийн боомтоор задгай вагоноор нүүрс тээвэрлэж хараахан эхлээгүйг “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн “Замын-Үүд” өртөөний дарга Ч.Сугирбаатар дурдав. Тэрбээр “Урд хөрш 2021 оны арваннэгдүгээр сарын 28-наас задгай вагоноор нүүрс авахаа зогсоосон. Үүнтэй холбоотойгоор 1200 вагон нүүрс хуримтлагдаад байсныг сүүлийн зургаан сард нийлүүлж дууслаа. Одоо дахин задгай вагоноор нүүрс татан авах шийдвэр гарсан гэсэн ч албан ёсоор баталгаажаагүй, бидэнд зөвшөөрөл ирүүлээгүй байна. Харин “Open top” буюу төмөр замаар өдөрт 50 орчим чингэлэг нүүрс экспортолж буй” гэв. Шинжээчдийн хэлж байгаагаар БНХАУ-д эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүний импортоо өсгөх, аж ахуйн нэгжүүд нь нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай манай талтай хэлэлцэж эхэлсэн гэнэ.