ХААН банканд сүлжээний гэмтэл гарсан нь олон хүний ажил, амьдралд нөлөөлж, нийгэмд бухимдал үүсгээд байна. Улмаар ХААН банкны гүйлгээний саатал бусад банканд ч нөлөөлжээ. Тухайлбал, иргэд ХААН банкны аппликейшн ашиглан Голомт, Худалдаа хөгжлийн банк руу гүйлгээ хийх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Мөн эсрэгээрээ өөр банкны цахим үйлчилгээг ашиглан ХААН банкны данс руу мөнгө хийх гэсэн ч цуцлагдсан аж. ХААН банкны сүлжээнд гарсан гэмтлийг засахаар инженерийн баг ажиллаж буй. Монголын банкны холбооноос банкуудын гүйлгээ доголдсон талаар тодруулахад "Үндэсний төлбөрийн систем доголдоход Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авах ёстой. Мэдээж нэг банкны гүйлгээ доголдоход бусад банканд нөлөөлнө. Орой гүйлгээ хаах үед орж ирсэн, ирээгүй гэх асуудал үүсэх учраас гүйлгээг зогсоосон болов уу" хэмээх хариулт өглөө.
Монголбанкны Төлбөр тооцооны газар нь Санхүүгийн тогтвортой байдлын хангах, мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, системийн оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, төлбөр тооцооны найдвартай, тасралтгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Тэгвэл эл газрын утасны дугаар луу залгаж банкны системд үүсээд буй асуудлыг тодруулахад "Өнөөдөр 10.00 цагаас эхлэн ХААН банкны сүлжээ доголдож, гүйлгээ саатаад байгаа нь серверт харагдсан. ХААН банкнаас инженерийн баг ажиллуулж, засаж буйгаа мэдэгдсэн байсан. Өнөөдрийн сүлжээ гацсан нь ХААН банкны дотоод асуудал. Хууль эрх зүйн үүднээсээ Монголбанк оролцох ёсгүй, тийм эрх ч байхгүй" хэмээх хариултыг өглөө.
Ташрамд дурдахад, 2020 оны арванхоёрдугаар сард Монголбанк болон арилжааны банкуудад системийн доголдол гарч байсан удаатай. Өөрөөр хэлбэл, Монголд банкуудын хооронд мөнгөн шилжүүлэг хийхэд аль нэг банкны гүйлгээ доголддог. Энэ нь бусад банкны сүлжээнд нөлөөлдөг хэвээр байна. Эх сурвалжийн мэдээлснээр банкууд жирийн үед өдөрт 800 000 гаруй гүйлгээ хийдэг гэнэ. Тиймээс Монголбанк үүнд анхаарч Үндэсний төлбөрийн системээ боловсронгуй болгохыг иргэд хүсэж байна.