Монголд урьд өмнө гарсан, маш нарийн зохион байгуулалттай хэргүүдийг цагдаагийнхан олон жилийн шаргуу мөрдлөгийн үр дүнд илрүүлж байсан. Гэхдээ сүүлийн 20-иод жилд маш нарийн зохион байгуулалттайгаар үйлдсэн банкны луйврын хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн алба хаагчид Монголын цагдаагийн байгууллагын хэмжээнд урьд өмнө ашиглаж байгаагүй аргаар илрүүлэн, хэрэгт холбогдогчдод яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлээд буй гэнэ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2009 оны тавдугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн нутаг, олны нэрлэж заншсанаар Хүүхдийн-100 дахь “Голомт” банкны “Солонго” салбараас 608 сая төгрөг луйвардсан хэрэг гарч байв. ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас дээрх хэмжээний мөнгийг хуурамч бичиг баримт ашиглан нэгэн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлэн, бэлнээр авч гараад машинд ачин авч явж буй бичлэгээс өөр хангалттай нотлох баримтгүй эл хэргийг дээрх хэлтсийн алба хаагчид маш олон сар зарцуулан байж илрүүлээд буй юм. Энэ хэрэг гарснаас хойш цагдаагийн байгууллагын шилдэг мөрдөгч, удирдах албан тушаалтнууд ажлын хэсэг байгуулан ажиллаад төдийлөн үр дүнд хүрээгүй 10 гаруй жил өнгөрсөн бөгөөд хэргийг илрүүлсэн мөрдөгчид хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаас 14 хоногийн өмнө холбогдогчдыг нь яллагдагчаар татсанаар гэм буруутай нь нотлогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломж бүрдээд байна.
2009 оны тавдугаар сарын 23-нд ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны данснаас уг мөнгийг шилжүүлэн авмагц тухайн үеийн “Голомт” банкны удирдлага төдийгүй дээрх албаныхан ч мэдээгүй нэлээд олон хоножээ. Зургадугаар сар гарснаас хойш уг асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан эл банкнаас тайлбар хүссэн байдаг. Ийнхүү их хэмжээний мөнгө “Голомт”-оос алга болмогц Төвбанкнаас Эрсдэлийн сангийн хөрөнгөөс 608 сая төгрөг шилжүүлэн Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албыг хохиролгүй болгосныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эх сурвалжууд хэлдэг юм. 2009 оны 608 сая төгрөг гэдэг өнөөгийн ханшаар нэлээд олон тэрбумд хүрэх нь дамжиггүй.
Данснаас нь ийнхүү их хэмжээний мөнгө алга болсон нь тодорхой болж, луйварчдыг нь олж өгөхийг банкны тухайн үеийн удирдлага цагдаагийнхнаас хүсэж гомдол гаргасан аж. Түүгээр ч зогсохгүй энэ хэргийг илрүүлсэн тохиолдолд 608 сая төгрөгийн 10 хувиар нь шагнана гэдгээ ч илэрхийлж байсан юм билээ. Харин “Голомт”-ын өнөөгийн удирдлага эл хэлсэн амлалтдаа хүрэх, эсэхийг бид таашгүй. Юутай ч маш нарийн зохион байгуулалттай луйврын хэргийг нэн шинэ аргаар илрүүлэн, холбогдогчдыг нь хангалттай нотлох баримтаар тогтоогоод буй юм.
Уг хэргийг үйлдэхэд “Голомт” банкны “Солонго” салбарт удирдах алба хашиж байсан А, түүний хамаарал бүхий этгээд болох О, мөн банкны “Баянзүрх” тооцооны төвийн эрх бүхий ажилтан А, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт ажиллаж байгаад нэгэн компанид менежер болсон М, нотариатч Э нарыг холбогдуулан мөрдөн шалгаж дуусаад прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Тэд хуурамч бичиг баримт, иргэний үнэмлэх ашиглан хятад хүний нэр дээр компани байгуулж, түүнийхээ данс руу 608 саяыг шилжүүлэн авсан юм билээ. Тодруулбал, БНХАУ-ын иргэн М.Хасдалай гэх нэртэй хуурамч бичиг баримт ашиглан чек гаргуулан авч, уг мөнгийг хуудуутай аргаар байгуулсан компанийнхаа данс руу бэлэн бус гүйлгээгээр шилжүүлсэн гэнэ. Ингээд дээр дурдсан автомашинд ачиж явсан нь бичлэгт үлджээ.
Энэ хэрэг илрэхгүй олон жил болсон нь тагнуул, цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажил маш сайн мэддэг хүн зохион байгуулсан байж болзошгүй гэдгийг учир мэдэх хүмүүс шивэр авир гэлцэж байсан юм. Шалгалтын явцад ч үнэхээр тийм нөхцөл байдал үүссэн байж болзошгүй нь ил болж буй аж. Өөрөөр хэлбэл, тагнуул, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан хүмүүсийн нэр холбогдсон юм билээ. Нэг нь дээр нэр дурдсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газарт ажиллаж байсан М, өөр нэг нь 2011-2012 онд нэгэн дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, АН-д эрх бүхий албан тушаал хашиж, тус намын нөлөө бүхий улстөрчидтэй ойрын харилцаатай О гэх хүн аж. Тэрбээр тагнуулын байгууллагад ажиллаж байсан тухай мэдээлэл ч бий бөгөөд 2019 оны аравдугаар сард манай улсад олноороо орж ирж гэмт хэрэг үйлдэхийг завдсан БНХАУ-ын 800 гаруй иргэнийг хилээр нэвтрүүлэх виз авах, зочид буудлуудад байрлуулах ажлыг зохион байгуулсан гэх хэрэгт шалгуулж байсан нэгэн.
Ийнхүү луйвардаж олсон хөрөнгөөрөө шинэ орон сууц авсан, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхайн компанид хөрөнгө оруулсан гэх зэргээр зарцуулсан байж болзошгүйг хууль сахиулагчид тогтоон 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-д заасан мөнгө угаасан, 17.4-ийн эд хөрөнгө завшсан, 2002 оны мөн хуулийн хэд хэдэн үндэслэлээр яллагдагчаар татаад буй юм байна. Прокурорын байгууллагын эх сурвалжууд “Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж дуусаад удахгүй яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байна. Монголын түүхэнд гарч байгаагүй маш нарийн зохион байгуулалттай хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хөдөлбөргүй нотлох баримтаар илрүүлж чадсан” хэмээсэн юм. Цагдаагийн байгууллагынхан 2009 оноос хойш энэ хэргийг илрүүлэхийн тулд маш их цаг, хөрөнгө хүч зарцуулан гэм буруутай байж болзошгүй хүмүүсийг олж тогтоожээ. Өдгөө шүүх хэрхэн дэнслэхээс мөрдөгч, прокуроруудын ажлын үр дүн харагдана. Үнэхээр гэм буруутай нь нотлогдвол “Голомт” банкныхан амлалтаа биелүүлж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгчдөд 608 сая төгрөгийн 10 хувийг өгөх үү гэдгийг бас харах үлдэж байна.
Бэлтгэсэн: Г.Орчлон