Италийн нийслэл Ром хотын оршин суугчид төсөв танах бодлогыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулав. Өнгөрсөн бямба гаригт эхэлсэн жагсаал бүх нийтийг хамарсан үймээн болон хувирч, 70 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай ВВС мэдээлжээ. Жагсагчид Италийн Батлан хамгаалах яамны байр руу дайрч, машин шатаан, дэлгүүр, худалдааны төвүүдийн цонхыг хагалж, цагдаа нар тэднийг нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна.
Ром хотын захирагч Жанни Алеманно “Жагсаалыг далимдуулан үймээн дэгдээхийг хүссэн хүн олон байсан. Тэд л эмх замбараагүй байдал бий болгож, олон нийтийн хэв журам зөрчсөн” гэж мэдэгджээ. Цагдаагийн ажилтнуудын хэлснээр өнгөрсөн бямба гаригийн жагсаалд 10 мянган гаруй хүн оролцсон бөгөөд тэднээс 100 орчмыг нь баривчилсан гэнэ. Түүнээс гадна энэ сарын 15-нд 82 орны 951 хотод тайван жагсаал болжээ.
“Уолл-Стритийг эзэл” хөдөлгөөнийг дэмжигчид дэлхийн олон оронд тайван жагсаал зохион байгуулж, авлига, хээл хахууль, санхүүчдийн харамч, хахирган занг эсэргүүцжээ. Лондоны хөрөнгийн биржийн дэргэд жагссан хүмүүсийг цагдаа нар тараасныг эс тооцвол Окленд, Токио, Тайбэй, Парис, Хонконг, Афин, Оттава, Монреаль, Торонто, Ванкувер, Мадридад болсон жагсаалын үеэр элдэв зөрчил, үймээн гараагүй аж.
Х.ОД