Олон жил ярьсан нэг том ажил гараанаас гарч Арвайхээрт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих дулааны станцын барилгын ажлыг зуны эхэн сарын шинийн 15-ны их дүйчин өдөр эхлүүллээ.Эхнээс нь оролцож байсны хувьд ажил ийн эхэлж буйд баяртай байна.
2010 онд Ерөнхий сайд С.Батболдыг Арвайхээрт ажиллах үеэр агаарын бохирдлыг бууруулахын тулд дулааны станц барих зайлшгүй шаардлага байгааг танилцуулж тухайн үед ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдүүлж байлаа. Мөн У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үед хамт явж дулааны станц барих санхүүжилтийг шийдүүлэхэд оролцсон.Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бьюксан инженеринг” компанийнхан барилга угсралтын ажил 26 сар үргэлжилж 2024 оны 6-р сард хүлээлгэн өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллах аж.
Тэд 14.2 сая ам.долларын төсөвт өртгөөр автомат удирдлагын систем бүхий дулааны станц, дулаан дамжуулах 9.2 км урт шугам сүлжээ мөн дулаан дамжуулах 11 төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем барих юм. Ингэснээр Арвайхээрийн агаарын бохирдлын гол эх үүсвэр болдог 28 уурын зуух татан буугдана.
Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах тул нүүрсний хэрэглээг 40 гаруй, үнсний гаралтыг 25 хувь бууруулна. Станцаас ялгарах утаанд Солонгосын агаарын чанарын стандартыг мөрдөх учраас одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75, тоосонцрыг 99, нүүрс хүчлийн хийг 50 гаруй хувиар бууруулах тул агаарын бохирдол гэж толгой өвтгөсөн асуудлаас ангижирна. Мөн 100 гаруй ажлын байр шинээр бий болж, ард иргэд дулаан тав тухтай орчинд амьдрах боломж бүрдэх юм.