АНУ, Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны дээд хэмжээний уулзалтаар Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байден тус бүс нутгийн холбооны удирдагчдад хамтын ажиллагааны тодорхой чиглэл санал болгож чадсангүй гэсэн дүгнэлтийг шинжээчид хийснийг “Straits times” сонин уламжлав.
Америкийн удирдагч зүүн өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх санаачилгад 150 сая доллар хуваарилахаар амлажээ. Үүний 60 саяыг АНУ-ын эргийн хамгаалалтын алба удирддаг тэнгисийн хөтөлбөрүүд, тухайлбал, тус бүс нутгийн хууль сахиулах байгууллагуудад усан онгоц, боловсон хүчин илгээхэд зориулах аж. “Үүний сацуу энэ хөтөлбөр нь Хятад улс, түүний Өмнөд Хятадын тэнгис дэх амбиц, мөн “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хязгаарлахад чиглэсэн нь тодорхой” гэж Зүүн өмнөд Ази судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх судлаач Жаон Линь үзэж байна.
Дээрх сонинд бичсэнээс үзвэл, дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчид тулгамдсан асуултууд, тухайлбал, коронавирусийн цар тахлын дараа, мөн Украины хямралтай холбоотойгоор эдийн засгийг сэргээх талаар тус бүс нутагт АНУ-аас ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Ж.Байденаас хариулт аваагүй байна. Америкийн судалгааны RAND төвийн ахлах судлаач Дерек Гроссманы үзэж буйгаар Ж.Байден шинэ үзэл баримтлалынхаа нарийн ширийн зүйлийг дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэх ёстой байжээ. “Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч удахгүй БНСУ, Японд хийх айлчлалынхаа үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа бололтой. Энэ нь Ж.Байден Зүүн өмнөд Азийн улсуудын холбоог шинэ стратегийнхаа гол хүчин зүйл болгохгүйг харуулж байна” гэж Д.Гроссман онцоллоо. Шинжээчийн үзэж байгаагаар АНУ, Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт боломж алдсан арга хэмжээ болжээ.
З.Амгалан