НҮБ-ын Ерөнхий ассамблей Бүгд Найрамдах Чех Улсыг Хүний эрхийн зөвлөлдөө элсүүлэхийг дэмжив. Украины асуудлаарх Ерөнхий ассамблейн ээлжит бус чуулганаар тус зөвлөл дэх ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол баталсны дараа Чех улс зүүн Европын орнуудын бүлгээс энэ суудалд нэрээ дэвшүүлжээ.
Ерөнхий ассамблейд болсон сонгуулийг нууцаар явуулсан. Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болоход нэр дэвшигч улсад олонхын буюу 97 санал авах шаардлагатай байв. Харин Чех улс 157 санал авч, 2023 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл тус зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.
Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын бүтэц дэх Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус зөвлөл 2006 онд Хүний эрхийн комиссын оронд байгуулагдсан билээ. Эл зөвлөлийн гишүүн 47 улс тус бүрийг Ерөнхий ассамблей шууд нууц сонгууль явуулж, олонхын саналаар гурван жилийн хугацаатай сонгодог.
Бэлтгэсэн З.Амгалан