Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. УИХ-ын өнгөрсөн оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд системд нөлөө бүхий банкууд ирэх сарын 30 гэхэд олон нийтэд хувьцаагаа арилжсан байхаар тусгасан. Б.Жавхлан сайд дээрх хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барьжээ. Уг хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн 3-нд тогтоол гаргаж дэмжсэн. Улмаар Засгийн газар дэмжлээ. Тэгэхээр банкуудын IPO хийх хугацааг ирэх жилийн зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулах нь тодорхой болов.
Банкуудын IPO-г хойшлуулж буй үндсэн шалтгаан нь цар тахлын үед активын чанар нь муудсан байх магадлалтай гэсэн болгоомжлол юм. Тиймээс активын чанарыг нь үнэлсний дараа IPO хийхийг нь зөвшөөрөх хэрэгтэй гэж санхүүгийн байгууллагууд үзэж буй. Монголбанкнаас УИХ-д өнгөрсөн гуравдугаар сард банкуудын IPO-г хойшлуулж, хуулийн заалтыг өөрчилж өгөхийг хүссэн албан бичиг илгээсэн. Тэгвэл Олон улсын валютын сангийнхан дараа нь ижил агуулгатай зөвлөмж хүргүүлсэн юм. Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэн хэдхэн хоногийн өмнө манай улсад ажиллалаа. Энэ үеэрээ банкуудын IPO-г хойшлуулах шаардлагатай гэсэн байр сууриа хурцхан илэрхийлснээр манайхан “түргэн авах” шиг болов. Ийнхүү хуулийн төслийг яаравчлан боловсруулсан хэрэг.
Банкуудын активын чанарыг үнэлэхээс гадна зээлийн хүү өсөж буй нь, цар тахал, ОХУ, Украины дайнаас үүдэж, хөрөнгө оруулалтын орчин муудах төлөвтэй байгаа нь, дотоодын хөрөнгө оруулагчид банкны хувьцаа худалдаж авах эх үүсвэр дутагдаж болзошгүй нь IPO-г хойшлуулах шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Мөн активын чанарыг үнэлээгүйн улмаас банкуудын нэгж хувьцааны анхдагч зах зээлийн үнэ буруу тогтох магадлалтай байсан гэнэ. Үүнээс гадна таван том банк хоёрхон сард багтаж хувьцаагаа олон нийтэд арилжвал заримынх нь амжилтгүй болох эрсдэлтэй гэж болгоомжилжээ.
Хуулийн дагуу системд нөлөө бүхий таван банк хувьцаагаа ирэх сарын 30 гэхэд олон нийтэд арилжих шаардлагатай байсан. ОдоогоорХААН, “Голомт” банк Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахаар холбогдох материалаа бүрдүүлж өгөөд буй. Эдгээрийн араас “Хас”, Төрийн банк материалаа өгөхөөр зэхэж байв. Тэгэхээр банкуудын активыг үнэлсний дараа IPO хийх зөвшөөрөл олгох нь. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бэлэн болсон банкууд IPO хийж болно. Төвбанк санхүүгийн тайланд нь активын чанарын үнэлгээ хийхэд харшлах зүйлгүй” гэжээ.
Банкууд одоо активын чанарын үнэлгээгээ хийлгэхээс нааш хөдлөхгүй. Тэгэхээр хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Төвбанк хурдан хөдлөх шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хороонд материалаа хүргүүлсэн дарааллаар нь активын чанарыг үнэлээд, засаж сайжруулах зүйл байвал шаардлага тавиад явчих хэрэгтэй. Хамгийн түрүүнд материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн “Голомт” банкнаас эхлээд активын чанарыг нь шуурхай үнэлээд явах нь чухал гэсэн үг. Системийн нөлөө бүхий банкуудын IPO-г эдийн засгийн амаргүй нөхцөлд богино хугацаанд хийлгэхээр шахсан нь Монголбанкныхны алдаа байсан.
Харин Төвбанкныхны активын чанарыг нь шалгах гэж буй явдлыг буруутгах үндэслэлгүй. Тухайн банкны активын чанар нь сайн байвал хөрөнгө оруулагчдад тустай. Учир нь хувьцааных нь үнэ цэн өснө. Активын чанар нь муу банкны хувьцааг өндөр ханшаар авчихвал яваандаа үнэ нь унана. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах талаас нь харвал IPO хийх хугацааг сунгаж, активын чанарыг нь үнэлэх гэж буй нь зөв. Харин банкуудыг хувьцаагаа нэг жил таван сарын хугацаанд олон нийтэд арилжих үүргийг хуулиар хүлээлгэж, зардал мөнгө гаргуулан ажиллуулчихаад, одоо “Хугацаагаа сунгалаа. Активын чанарыг чинь үнэлнэ” гэж хэлж байгаа нь буруу.
“Хас” банкны хувьцааг олон нийтэд арилжих андеррайтераар ажиллаж буй “Райнос инвестмент” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Н.Цэвэгмид “Бид хуулийн дагуу материалаа бүрдүүлээд Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхэд бэлэн болсон. Гэтэл IPO хийх хугацааг хойшлуулах гэж байна. Уг нь төрийн бодлого 5-10 жилийг харж гардаг баймаар. Гэтэл жил гаруйн өмнө баталсан хуулиа өнөөдөр өөрчлөх гэж буй нь хөрөнгийн зах зээлд хохиролтой байна” гэв. Тэрбээр “Хөрөнгийн зах зээл итгэл дээр суурилдаг. Хууль эрх зүйн орчноо ийм ойрхон өөрчлөхөөр бид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдчихаад байна. Гадаадын хөрөнгө оруулагч надад “Танай улс жил гаруй хугацаанд хууль өөрчилчихдөг учраас хамтарч ажиллахгүй” гэвэл би юу ч хэлж чадахгүй. Алдсан итгэлийг нь олж авахад их хугацаа зарцуулдаг. Энэ бол хуульд өөрчлөлт оруулахдаа анзаарч харах чухал хэсэг нь. IPO гаргахад бэлтгээд зардал гаргасан энэ тэр бол дараагийн асуудал” гэж үргэлжлүүлэн ярилаа.
Үнэхээр ч монголчуудын бодол, бодлого хоёр маш амархан өөрчлөгддөг. Монголчууд бодлого, шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа, бодит төсөөлөл бага хийдэг учраас ингэдэг хэрэг. Хэрэв судалгаа тооцоо, төсөөлөл сайтай байвал нэг жил таван сарын хугацаанд том таван банкийг IPO хий гэж шахахгүй байсан биз. Тиймээс хөрөнгийн зах зээлийнхэн, ялангуяа банкны хувьцааг олон нийтэд арилжих андеррайтераар ажиллаж буй үнэт цаасны компанийн удирдлага “Эдийн засгийн нөхцөл хүндэрч, банкуудын актив муудах магадлалтайг Монголбанк гадарлаж байсан. Том таван банкны IPO давхцах магадлалтайг ч гадарласан. Гэхдээ баахан шахчихаад одоо сунгах шийдвэр гаргуулж буй нь онцгүй байна” хэмээн гомдоллосон юм. Монголбанкныхан эдийн засгийн төсөөллөө хийж чадаагүй, судалгаа, тооцоо муутай хандсанаас өнөөгийн нөхцөл үүссэн. Хугацаа бол угаас давчуу байсан нь ойлгомжтой. Тиймээс банкуудын IPO хойшилсонд Монголбанкныхан буруутай.
Банкуудын IPO-г хойшлуулах нэг шалтгаан нь 430-580 тэрбум төгрөгийг дотоодын зах зээлээс “босож” чадахгүй байх магадлалтай гэсэн айдас. Хөрөнгийн зах зээлийнхэн БНСУ-ын 1972 онд баталсан төрийн өмчит компанийг олон нийтийн болгох хуулийг эш татан үүнийг үгүйсгэдэг. Өмнөд солонгосчууд гурван жилийн хугацаанд төрийн өмчийн 300 гаруй компанийн хувьцааг олон нийтэд арилжжээ. Тухайн үед тус улсын иргэд хөрөнгийн зах зээлийн талаар дорвитой мэдлэггүй, эдийн засаг ч нь дорой байсан гэдэг. Энэ жишээ нь эдийн засаг хүнд, иргэд ядуу учраас хувьцаа худалдаж авч чадахгүй гэсэн сэтгэлгээг үгүйсгэдэг юм байна. Төрийн өмчит компанийн хувьцааг арилжих хуулийг сүүлийн 50 жилд улс орны хөгжилд хамгийн чухал хувь нэмэр оруулсан эрх зүйн баримт бичгээр хожим тодруулж байжээ. Бидний мэдэх алдарт “Самсунг” корпорацын хувьцааг 1975 онд олон нийтэд арилжсан гэдэг. Банкуудын IPO-г учир зүйтэй хийчихвэл Монголын эдийн засагт эергээр нөлөөлөх биз ээ. Одоо долоо хэмжиж нэг огтолоосой билээ.