Оросын бүрэлдэхүүнд Өмнөд Осети орохоор төлөвлөж буйг тус БНУ-ын Ерөнхийлөгч Анатолий Бибилов өнгөрсөн гуравдугаар сарын эцсээр ам алдсан байдаг. Үүний тулд ойрын саруудад бүх нийтийн санал асуулга явуулах аж. Ерөнхийлөгчийн энэ үгийг янз бүрээр л хүлээж авсан. Энэ шийдвэр хэрэгжвэл Орос, Гүржийн харилцааг төвөгтэй болгоод зогсохгүй Москвад дэлхийн улсуудын зүгээс үзүүлэх дарамт шахалт нэмэгдэх шалтгаан болно. Санал асуулга явуулахаа зарлахдаа Анатолий Бибилов “Оростой нэгдэх нь манай стратегийн зорилт. Манай зам, ард түмний маань хүсэл. Энэ замаар бид явах болно. Хууль, эрх зүйн холбогдох алхмыг ойрын үед хийнэ” гэж хэлжээ. Түүний үгээр санал асуулга явуулах, Орост нэгдэх нь “техникийн асуудал” бөгөөд ийм алхмыг Үндсэн хууль нь зөвшөөрдөг юм байна. Хоёрдугаар шатыг нь энэ сарын 8-нд явуулахаар төлөвлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бэлтгэл алхмуудыг хийх аж. Өмнөд Осетитой нэгдэх санаачилгыг Умард Осетийн тэргүүн Сергей Меняйло дэмжжээ. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ санаачилгыг тайлбарлахдаа Кремльтэй тохиролцолгүйгээр гаргасан ч иргэдийнх нь сонголтод Москва хүндэтгэлтэй хандана гэж хэлсэн байна.
Орост нэгдэх тухай ЗХУ задарсан үеэс ярих болсон, 2008 оны зэвсэгт зөрчилдөөний дараа бүр ч идэвхэжсэн юм. Умард, Өмнөд Осети нэгдэх асуудал түүхэн угсаа гарвалийн, соёлын утга агуулгатай. Учир нь энэ хоёр БНУ-ын хүн амын ихээхэн хэсэг нь осетичууд. Харин Оросын хувьд шинэ газар нутагтай болж, шударга бусаар хуваагдсан Осетийн ард түмнийг нэгтгэхийн зэрэгцээ Өмнөд Осетийг Москвагийн мэдэлд шилжсэн өөрийн түүхэн газар нутаг гэж үздэг Гүржтэй тэртэй, тэргүй сайнгүй байгаа харилцааг нь даруй хурцатгана. Гүржийн нутаг дэвсгэрийг Орос эзэлж авчихаад байхад ямар нэг санал асуулгын талаар яриа байж болохгүй гэж Ерөнхийлөгчийнхөө мэдэгдлийг тайлбарлангаа Гүржийн Гадаад харилцааны сайд Давид Залкалиани хэлсэн байдаг.
2008 оны Орос, Гүржийн зөрчилдөөнөөс өмнө Өмнөд Осетийн эргэн тойронд энэ хоёр улсын хооронд санал зөрчилдөөн цөөнгүй байсан. 1988-1989 онд Гүржид болсон эсэргүүцэл тэмцлээс Цхинвали туурга тусгаарлах эрмэлзэлтэй болсон юм. Тбилиси хотын гудамжинд “Гүржийг гүржүүдэд нь” гэсэн уриалга дор гарч ирсэн залуус Абхаз, Өмнөд Осети, Ажарийн автономит эрхийг цуцалж, боловсролын тогтолцоог нь гүрж хэлэнд бүрэн шилжүүлэхийг шаардаж байв. Энэ тэмцлийг удирдагчдын нэг нь тэрс үзэлт Звиад Гамсахурдия байлаа. Үндэсний үзэл нэвт үнэртсэн ийм уриаг Гүржийн эрх баригчид огт хайхарсангүй. Гэтэл Абхаз үүнийг өлгөн авч 1989 оны гуравдугаар сарын 18-нд 30 мянган хүний цуглаан хийсэн. Ингээд Абхазыг Гүржээс салгахыг Зөвлөлтийн Засгийн газраас шаардав. Тусгаарлах үзэл цухалзуулж байсан Өмнөд Осети ч түүнтэй дуу хоолойгоо нийлүүлж Тбилисийн захиргаанаас гарч, шууд Москвагийн удирдлагад шилжихээр шийдсэн. 1990 онд Гамсахурдиягийн “Дугуй ширээ-чөлөөт Гүрж” нам ялалт байгуулав. Түүний улс төрийн хүч ЗХУ-аас тусгаарлах бодлого баримталлаа. Мөн онд Өмнөд Осети тусгаар тогтнолын тухай тунхаглал гаргаж, бие даасан байдлыг нь хүлээн зөвшөөрөхийг шаардаж Зөвлөлтийн удирдлагад хандсанаар гүржүүдтэй цэргийн мөргөлдөөн өдөөв.
Гамсахурдиягийн бодлого тэр дороо явцгүй болсноор барахгүй түүнийг албан тушаалаас нь авч хаяад, оронд нь гарч ирсэн Эдуард Шевердназе Гүрж-Осети-Абхазын зөрчлийг хүчээр шийдвэрлэх бодлого явууллаа. Өмнөд Осети дэх байлдаан 1992 онд Оросын энхийг сахиулагчдыг маргаантай газар нутаг руу оруулснаар зогсов. Тэр үед тусгаар тогтнол, цаашдаа Оростой нэгдэх асуудлаарх санал асуулга явуулахад түүнд оролцогчдын 99.98 хувь нь зөвшөөрсөн байна. Гүрж улс Цхинвали мужийнхаа нутаг дэвсгэр гэж үзэж байсан ч Өмнөд Осети чухам тэр үеэс л хүлээн зөвшөөрөгдөөгүй БНУ ч гэлээ үнэн хэрэгтээ тусгаар тогтносон гэж хэлж болно. Эдний хүн ам аажмаар Оросын иргэн болж, ОХУ-ын иргэний паспортыг хялбарчилсан журмаар авах болсон байна. Ингээд 2002 он болоход ОХУ-ын иргэн болсон хүний тоо хүн амын 60 хувийг эзэлсэн бол 2006 онд энэ үзүүлэлт 80 хувьд хүрчээ.
Энэ байдалд Тбилиси сэтгэл дундуур байх болж, Оросын бодлогыг албаных нь хүмүүс “сөргөлдөөн” гэж нэрлэсэн. Энэ үеэс Гүржийн Ерөнхийлөгч Михиал Саакашвили улсаа НАТО, Европын Холбооны бүтцэд оруулахыг өөрийн гол зорилго хэмээн зарлав. Үүний тулд нутаг дэвсгэрийн маргааныг нэг тийш болгох хэрэгтэй байлаа. Түүний бодлого Өрнөдөд дэмжлэг авч байснаас тэрбээр гарынхаа хүлээсийг тайлагдлаа гэж бодсон болов уу. 2008 оны наймдугаар сарын 8-ны шөнө Гүржийн арми Өмнөд Осетийн нутаг дэвсгэр лүү нэвтрэн оров. Орос ч хариуд нь цэргээ тийш нь оруулахад Абхазын зэвсэгт хүчин нэгджээ. Энэ үйл явдал тав хоног үргэлжилж, хоёр БНУ-ын тусгаар тогтнолыг Москва албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд нь Тбилиси дипломат харилцаагаа тасалсан юм. 2013 онд Гүржийн эрх баригчид солигдож, тэд Орост төдийлөн найртай хандахгүй байсан ч зөрчилдөөнийг энхийн замаар зохицуулж, ялангуяа аялал жуулчлал, худалдааны салбарт ихээхэн ахиц гарчээ.
Украинд дайн болж байх явцад Оросын эсрэг хоёрдугаар фронт нээж болзошгүй гэж тус улсын дипломатчдын холбооны орлогч дарга Андрей Бакланов үзэж байгаа аж. Тэгээд Өмнөд Осетийн газар нутаг дээр Гүржтэй мөргөлдөөн хийх магадлал байгааг харгалзаж үзэхийг тэрбээр уриалав. Тэгэхдээ Гүржийн армийн цэргийн тоо, байлдах чадварыг Оросын армитай харьцуулж үзэхээс аргагүй. 2015 оноос Гүржид НАТО-гийн бэлтгэлийн төв тогтмол ажиллаж буй ч рейтингээрээ Гүрж 88 дугаарт, Орос хоёрт орж байгаа. Гүржийн зэвсэгт хүчин 370 000 хүнтэй, дайчлах нөөц нь 300 мянган хүн байгаа бол Оросын энэ үзүүлэлт 1-2 сая. Украинд Оросын талаас 200 мянга орчим цэрэг очиж, Зэвсэгт хүчний ихээхэн хэсэг нь эх орондоо өөрийн иргэдийн хамгаалах төрийнхөө аливаа үүргийг биелүүлэхэд бэлэн байгаа юм. Нөгөө талаас Оросын эсрэг хоригт Гүрж нэгдээгүй нь эдийн засагтай холбоотой. Тус улсын гадаад худалдааны 11 хувь Орост ногддог. Энэ салбарын томоохон түншүүдийн дотор Орос II байр эзэлдэг.
Гүржийг дэмжихээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг илэрхийлсэн бол АНУ 35 сая ам.долларын зэвсэг ойрын үед өгнө гэж Төрийн департамент нь мэдээлсэн. Түүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович гэгч Абхаз, Өмнөд Осети руу довтлохыг санал болгосон. Энэ хүн Гүржийг дайнд татаж оруулах зорилготойд эргэлзэх юм үгүй. Оростой нэгдэж болзошгүй гэж хардаад улсууд бүгд энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа. Абхазын Парламентын тэргүүн Омар Кварчийн үгээр бол түүний эх орон Оросын бүрэлдэхүүнд орохоор зэхээгүй аж. Өмнөд Осети Оростой нэгдэх тухай яриа ойрын үед дахин дэгдээд байгаа нь Ерөнхий лөгч Бибиловынх нь сонгуулийн өмнөх кампанит ажлынх нь нэг хэсэг байх магадлалтай. Тэрбээр энэ мэхийг 2014, 2019 онд Парламентын сонгуульд, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан юм. Гэхдээ 2017 оноос Өмнөд Осетийг тэргүүлж буй Анатолий Бибилов Оросын бүрэлдэхүүнд оруулах талаар бодитой нэг ч алхам хийхгүй өдий хүрснийг анхаарахгүй байж бас үл болно.
Бэлтгэсэн Р.Жаргалант