БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутаг Хонконгийг ирэх таван жил удирдах тэргүүнийг сонгох сонгууль ганц нэр дэвшигчтэй болов. Тус бүс нутгийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын (сайд) албыг хашиж байсан 64 настай Жон Ли (Ли Зячао) төлөөлөн сонгогчдын талаас илүү хувийн дэмжлэг авснаар сонгуульд өрсөлдөх эрхтэй болжээ. Тэрбээр 1416 төлөөлөн сонгогчийн дэмжлэг авснаар ялагч болсон байна. Ирц 97.7 хувьтай байсныг Сонгуулийн комиссынх нь цахим хуудсанд мэдээлжээ.
Хонконгийн одоогийн тэргүүн Кэрри Лам гэр бүлийн шалтгаанаар хоёр дахь удаагаа өрсөлдөхгүй байхаар шийдсэн юм. Өнгөрсөн жил хийсэн сонгуулийн шинэчлэлийн дагуу 1200 байсан төлөөлөн сонгогчийн тоо 1500 болсон. Үүнд санхүү, аж үйлдвэр, шинжлэх ухаан, шашны хүрээнийхэн, олон нийт, янз бүрийн байгууллага, бизнес эрхлэгч, улстөрчдийн төлөөлөл багтдаг. Энэ удаагийн сонгууль өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд болох байсан ч коронавирусийн халдварын улмаас өнөөг хүртэл хойшлуулсан. Сонгуулийн үеийн аюулгүй байдлыг цагдаагийн 7000 орчим алба хаагч хангаж байна. Засаг захиргааны шинэ тэргүүний бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сарын 1-нд буюу “Нэг улс-хоёр систем”-ийн дагуу Британийн колони асан тус бүс нутаг БНХАУ-ын харьяанд шилжсэний 25 жилийн ойн өдөр эхэлнэ. Үүнээс өмнө уг шинэ тэргүүнийг томилох тухай шийдвэрийг Хятадын төв Засгийн газраас албан ёсоор батална. Жон Ли өнгөрсөн оны зургадугаар сар хүртэл Хонконгийн Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнээс өмнө цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Тус бүс нутагт үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, 2019 онд болсон олныг хамарсан эсэргүүцлийн дараа дэг журмыг сэргээхэд түүний оруулсан хувь нэмрийг Хятадын эрх баригчид үнэлснийг ажиглагчид тэмдэглэжээ.
Цагдаагийн офицер асан тэрбээр эдийн засаг, санхүүгийн чиглэлээр ямар ч туршлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, удирдлагын хүчирхэг баг бүрдүүлж, мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг идэвхтэй сонсохоо мэдэгджээ. Тэрбээр бүс нутгийнхаа одоо байгаа асуудлуудыг шийдвэрлэх (орон сууцын хүртээмжгүй байдал, нийгмийн давхаргын ялгарал гэх мэт), Хонконгийг олон улсын хот, санхүүгийн төвийн хувиар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашдын хөгжил дэвшлийн бат бөх үндэс суурийг тавих зорилт дэвшүүлсэн байна.
Бэлтгэсэн З.Амгалан