Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын 7,8 өдрүүдэд орон нутагт хүчтэй шуурахыг анхааруулсан. Тэгвэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын Эмээл толгой багийн “Задгай” орчимд хүчтэй шуурчээ. Тодорхой хэлбэл, тус сумын нутгаар тавдугаар сарын 8-ны 14.30-15.00 цагийн хооронд салхины хурд 23 м/с хүрч шуурчээ. Улмаар сумын Соёлын төвийн барилгын төмөр дээвэр хууларсан байна. Өдгөө сумын ЗДТГ-ынхан Соёлын төвийн дээврийг засаж сэлбэж байгаа аж. Ташрамд дурдахад, хамгийн сүүлд 2015 онд тус Соёлын төвд 570 сая төгрөгөөр их засвар хийж байжээ.