Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажилтай танилцан, үүрэг, чиглэл өгчээ. Дээрх чиглэлийн авто замын нэгдүгээр багц болох (баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар) 37.26 км-ийнх нь хучилтыг өнгөрсөн онд дуусган, өдгөө заслын ажлыг нь хийж байна. Мөн тус багцад “Арж капитал” компанийн гүйцэтгэж буй ажил 50 орчим хувьд хүрчээ. Гүйцэтгэгч компаниуд нэгдүгээр багцын асфальт бетон хучилтыг энэ сарын 20-нд эхлүүлж, долдугаар сарын эхний 10 хоногт дуусгахаар төлөвлөжээ. Харин хоёрдугаар багцын ажлын явц (Хар модотын давааны араас Урьхан хүртэл 45.5 км) 21 орчим хувьтай байгаа аж. Түүнчлэн хоёрдугаар багцын ажлыг гүйцэтгэж буй “Жунмэй инженеринг групп”-ийн ажлын гүйцэтгэл 25 орчим хувьтай, 100 гаруй ажилтан 56 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Сайд Л.Халтар “Авто замын бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө хэвийн үргэлжилж байна. Хоёрдугаар багцыг хариуцаж буй “Жунмэй инженеринг групп”- ийн гүүр, хоолойн ажил удаашралтай байгаа. Тиймээс гүйцэтгэгч болон зөвлөх компаниуд анхаарч, долоо хоногийн хугацаанд ажлын хоцрогдлоо арилгаарай” гэжээ.