Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын патенттай технологийн лиценз эзэмшигчдийн сонгон шалгаруулалт дуусаж, тэдэнтэй гэрээ байгуулж эхлээд буй. Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Францын “Аксенс” компанийн Ази, Номхон далайн салбар компанийн дэд ерөнхийлөгч Стефан Верместер нар хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмших хүрээнд дөрвөн төрлийн гэрээнд (Ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багц, Үйлчилгээ, сургалт, Патенттай катализатор, химийн бодис, Патенттай тоног төхөөрөмж худалдан авах) өчигдөр гарын үсэг зурав. Талууд дээрх ажлын аргачлал, зохион байгуулалт, гүйцэтгэх, хянах нарийвчилсан төлөвлөгөө зэргийг тохиролцжээ. Байгаль орчинд ээлтэй, олон улсын болон Монголын стандартад нийцсэн, өндөр чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий тосонд агуулагддаг хүхрийг ялгаж авах нь ихээхэн чухал аж. Үйлдвэрлэлийн олон шат дамжлага бүхий процессын явцад ялгарах хий, шингэн төлөвтэй хүхрийг уг байгууламжид цуглуулж, цэвэршүүлэх юм байна. “Аксенс” компани нь аж үйлдвэрлэлийн чиглэлийн 3000 технологийн лицензийг зохиогч ба эзэмшигч, жилд 70 мянган тонн катализатор, адсорбент үйлдвэрлэдэг, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг аж.
Бэлтгэсэн: Б.СОНОР