Аливаа шимэгч хорхойнууд хүний биед янз бүрийн асуудал үүсгэдэг. Түүнийг дотроо тэжээсээр байвал эцэстээ аминд ч халтай гэдгийг шинжлэх ухаанаар хэдийн баталсан. Хүн төрөлхтөн эртнээс байгаль эхийн бүтээгдэхүүнийг, тодруулбал, шим ертөнцийн олон төрөл зүйлийг бие махбодын цэвэрлэгээ, шимэгчдийг туух эмчилгээнд өргөн хэрэглэж ирсэн. Тэгвэл Оросын тэргүүлэх зэргийн эрдэмтэд “цэвэрлэгч” ургамлуудыг тогтоох шинэ судалгаандаа тулгуурлан бие махбодоос шимэгчдийг хамгийн идэвхтэй хөөдөг төрөл зүйлүүдийг нэрлэсэн байна. Тэдний мэдээлснээр гэдэсний туузан болон цагаан хорхой, мөөгөнцөр зэргийг хамгийн үр дүнтэй устгадаг нь саримс аж. Биед байгаа аливаа шимэгч үхсэнээр ялзарч, задрах нь ойлгомжтой. Ялзралын улмаас биед хордлого үүсэх учиртай. Тэгвэл саримсанд “хордож” үхсэн шимэгчдийн ялзрал хордлого үүсгэдэггүйг тогтоосон юм байна. Үүгээрээ саримс хамгийн супер нөлөөтэйг онцолжээ. Түүнчлэн эл ургамал бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй. Мэргэжилтнүүдийн онцолсон “устгагчдын” жагсаалтад турмерик, хар хушга, халуун чинжүү, ганга, цагаан гаа, хулууны үр, шарилж, орегано багтжээ. Эдгээр нь хүний биеэс шимэгч хорхойг үр дүнтэй хөөж, дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дэмжин, сайжруулдаг байна.