Манай орны нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тус байгууллагаас гаргасан “Бэлчээрийн ургамлын ургалтын байдал”-ын зурагт тэмдэглэснээр Дорнод, Хэнтий, Булган аймгийн нийт нутгаар бэлчээрийн ногоо жигд сайн, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэд дунд зэрэг ургалттай байна. Харин Увс, Ховд, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим нутгаар ургамал оройтож цухуйсан, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн дийлэнх хэсэгт мал бэлчээх боломжгүй байгааг дурджээ. Бүс нутгаар нь авч үзвэл зүүн болон төвийн аймгуудад ургамлын гарц сайн, дунд, бусад хэсэгт муу, цухуйгаагүй гэсэн тэмдэглэгээтэй байна.