Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт нутгаар салхи шуурга ихтэй байсныг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины хурд секундэд 22-25, зарим үед 25-40 метрт хүрч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдсан байна. Тухайлбал, энэ сарын 22-нд Төв аймгийн нутгийн баруун болон өмнөд хэсэгт салхины дундаж хурд секундэд 18-24, зарим үед 24-40 метрт хүрч ширүүсжээ. Мөн энэ сарын 24-25-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт шороон шуурга шуурч, салхины хурд секундэд 21-30 метрт хүрч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан аж. Шуурганы улмаас тус аймгийн Төгрөг сумын ЗДТГ-ын агуулах, бага, дунд сургууль, нэг цайны газар, хоёр гарааш, дэлгүүр, зургаан айлын байшингийн дээвэр хууларчээ. Мөн Төгрөгт дөрвөн айл, Чандмань сумд хоёр айлын гэр нурсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Бас Төгрөг сумд өндөр хүчдэлийн гурван шон хугарсан байна. Үүнтэй холбоотойгоор өчигдөр сумын цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж, гэмтлийг зассан гэнэ.
Өчигдөр 19.00 цагийн орчимд цаг агаарын нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн нутагт шуургатай байна. Салхины хүч зарим газарт секундэд 20-24 метрт хүрч ширүүслээ. Түүнчлэн өнөөдөр (өчигдөр) нийт нутгаар хүйтний эрч өмнөх өдрийнхөөсөө 10-15 градусаар чангарсан” гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн юм. Тус газраас гаргасан төлөвөөр бол энэ сарын 29-нийг дуустал нийт нутгаар хүйтний эрч төдийлөн сулрахгүй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч