Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл үргэлжлэх 233.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой сайн, муу хоёр мэдээ байна. Сайн нь, энэ ажил одоогоор 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж болзошгүй гэнэ. Цар тахлын хүнд цаг үед гараанаас гарч, “гал алдалгүй” үргэлжилсээр ийнхүү барианд орох ойртов. Муу мэдээ нь гэвэл төмөр зам дагуу өргөст тор татаж эхэлжээ. Ингэснээр тухайн бүс дэх зэрлэг амьтад саадгүй нүүх, шилжилт хөдөлгөөн хийх аргагүйд хүрлээ. Говийн амьтад өргөст торонд үй олноороо өрлүүлж, амь тавих нөхцөл бүрдэв.
Захиалагч, гүйцэтгэгч компанийнхан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байгальд ээлтэйгээр төлөвлөсөн, ажил тэр дагуу “явна”, мал, амьтдад зориулсан нүхэн болон гүүрэн, нэг түвшний гарц байгуулна хэмээн мэдээлж, сурталчилж байв. Албаны хүмүүс ч ялгаагүй сайн сайхан зүйл ярьж байлаа. ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, зөвлөх инженер, доктор Д.Гэрэлням хэдхэн сарын өмнө манай сонинд өгсөн ярилцлагадаа “Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ, ЗТХЯ, зэрлэг амьтан хамгаалах олон улсын байгууллагууд хамтран “Тал, хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуух зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага”, “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага” гэсэн үндэсний хоёр стандарт боловсруулан батлаад байна. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 10 гаруй байршилд зэрлэг амьтдад зориулсан нэг түвшний гарц төлөвлөж, зураг төслийг нь баталсан” гэж дурдсан. Тэрчлэн төмөр зам барих төслийн сураг дуулдаж эхэлсэн үеэс байгаль орчны салбарынхан “Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сум хулан, хар сүүлт зэрэг говийн нэн ховор амьтдын тархац нутаг учраас дэд бүтэц төлөвлөлтөд онцгой анхаарах ёстой” гэж анхааруулж байсан юм. Харамсалтай нь, захиалагч болон гүйцэтгэгч компанийнхан хэлсэн шигээ хийсэнгүй, төмөр замыг өргөст тороор хамгаалж орхив.
Шинэ төмөр зам дагуу өргөст тор татаж эхэлсэнд судлаач, мэргэжилтнүүд ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар “Зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартаа мөрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавихгүй бол Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дагуу татсан өргөст тор хулан, хар сүүлтийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эрсдэл үүслээ. Ирээдүйд өмнийн говийн хулангийн тархац нутгийн баруун зах үүгээр хязгаарлагдахыг үгүйсгэхгүй” хэмээн нүүр номдоо бичсэн бол Зэрлэг амьтан, судлах хамгаалах төвийн захирал, амьтан судлаач, доктор Б.Нямбаяр “БОАЖЯ-наас дэмжиж, үр дүнг нь өргөжүүлэн, бусад газарт дэлгэрүүлэх ёстой чухал ажлуудын нэг нь туруутан амьтдад зориулсан нүхэн гарц байгуулах, зарим цэгт байгаа өргөст торнуудыг буулгах. Энэ талаар үндэсний стандарт хүртэл баталсан байтал юу болж байна вэ. Зам тээврийн асуудал хариуцсан яам, төмөр замын байгууллагынхны санах ой ийм богино настай гэж үү. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төсөлтэй төстэй жишээ бол Хэнтий аймагт барьж байгаа 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил. Манай улсын холбогдох байгууллагынхан шувуудад ээлтэй эрчим хүчний сүлжээтэй болох ёстой гээд дөнгөж өнгөрсөн жил стандарт баталсан. Гэтэл тухайн ажлын зураг, төслийг хийсэн компани шугам сүлжээг хуучнаар нь зурж, төлөвлөснөөс өдгөө өнөөх “алуурчин” шонг олноор барьж байна. Байгаль орчныхны гаргасан энэ мэт дэвшилт санаачилга, сайхан ажлуудыг бусад салбарынхан ийнхүү хойш татаж, байгаль, зэрлэг амьтдад хөнөөлтэй зүйл хийсээр байх уу” гэж сэтгэл чилээж байна.
Шинэ төмөр зам дагуу өргөст тор татаж эхэлсэнд олон нийт ч итгэхгүй, эргэлзэж буй. “Зэрлэг амьтдад ээлтэй шийдлээр байгуулна гэсэн. Арай үгүй байлгүй”, “Түр зуурт ингэж хамгаалж байгаа юм болов уу”, “Гарц, гармынх нь ажил бүрэн дууссаны дараа буулгах байх” гэхчлэн янз бүрийн таамаг дэвшүүлэх боллоо. Харин тухайн бүсэд ажилладаг, амьдардаг иргэд энэ эргэлзээг үгүйсгэлээ. Цогтцэций дэх нүүрс тээврийн нэгэн компанийн жолооч “Төмөр зам дагуу тор татаад нэлээд хэд хонож байгаа. Ойроос хараагүй учраас өргөстэй, эсэхийг нь мэдэхгүй” гэсэн бол Тавантолгойн ордоос хэдхэн км-ийн зайд нутагладаг, Цагаан-Овоо сумын малчин “Зэрлэг амьтан төдийгүй мал сүрэгт харш зүйл хийж байна. Үүгээр өчнөөн айл нутагладаг, хэдэн мянган мал идээшдэг” хэмээн ярьсан юм. Судлаач Б.Бүүвэйбаатар ч хэд хоногийн өмнө газар дээр нь ажиллаад ирсэн, төмөр зам дагуулан татсан өргөст тор Говийн бага дархан цаазат газар луу нэлээд дөхсөн, төслийн ажил замбараагүй өрнөж байгаа талаар мэдээллээ.
Тэгвэл уг асуудалд холбогдох байгууллагынхан хэрхэн анхаарч байна вэ. ЗТХЯ-нд удаа дараа хандлаа. Мэдээлэл өгөхөөс татгалзав. БОАЖЯ-ныхан “Холбогдох ажлын хэсгийг ойрын хугацаанд хуралдуулах болсон” гэлээ. Авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц, гарам байгуулах үндэсний стандарт баталсантай холбогдуулан хэрэгжилтэд нь хяналт тавих чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг дээрх хоёр яам байгуулсан юм байна. Харамсалтай нь, цар тахлын цалгардал тэднийг үүрэгт ажлаа умартахад хүргэжээ. Үр дүнд нь өмнийн говьд өргөст тор “босжээ”.
Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэс хамгаалах сан зэрэг байгууллагынхан өнгөрсөн баасан гарагт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай эл асуудлаар уулзаж, санал бодлоо илэрхийлсний хүчинд ажлын хэсгийнхнийг ойрын хугацаанд хуралдуулахаар болсон аж. “Говьд хийж буй бүтээн байгуулалтад онцгой анхаарах шаардлагатай боллоо. Тавантолгой-Гашуунсухайтаас гадна Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад анхаарч, ажил нь төлөвлөлтийн дагуу үргэлжилж буй, эсэхийг хянах шаардлагатай. Энэ чиглэлээр хамтарч ажиллая, давхар хяналт тавья, шаардлагатай тохиолдолд зөвлөмж хүргүүлье” гэдэг саналыг судлаач, мэргэжилтнүүд байгаль орчны төрийн захиргааны байгууллагын удирдлагад тавьжээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын захиалагч нь “Тавантолгой төмөр зам” ХХК. Тус компани энэ ажлыг хариуцдаг гэсэн үг. Үүсээд буй нөхцөл байдалд тайлбар авахаар тэдэнд хандсан ч мэдээлэл өгсөнгүй. Харин Өмнөговь аймгийн БОАЖГ-ын ан, амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Пунсанцогвоо “Үүнтэй холбогдуулан манай газраас ажлын хэсэг томилж, “Тавантолгой төмөр зам” ХХК руу албан тоот явуулсан. Одоогоор ямар нэг хариу ирүүлээгүй. Энэ чиглэлийн төмөр замд өргөст тор татахыг хориглосон. Зөрлөг, суурин газар, уул уурхайн бүсийн ойролцоох хэсэгт л хашаа, эсвэл стандартын шаардлага хангасан, өргөсгүй, аюулгүй тор татна гэж төлөвлөлтдөө тусгасан. Тэд үүнийгээ биелүүлэх ёстой. Ажлын хэсгийнхэн өнөөдөр (өнгөрсөн баасан гарагт) газар дээр нь очих төлөвлөгөөтэй байсан ч амжсангүй. Ирэх даваа гарагт тийшээ явна” гэж мэдээллээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийг хамарсан шинэ төмөр замын бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагынхан бүрэн гүйцэд, тодорхой мэдээлэлгүй байгаа нь илт анзаарагдлаа. Нийт хэчнээн км газарт тор татсан, тэр нь хаа хүрч дуусах талаар ч орон нутгийн БОАЖГ-ынхан мэдэхгүй сууна. ЗТХЯ, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийнхан энэ асуудлаар ам нээхгүй гэж шийдсэн бололтой. Харин БОАЖЯ-нд судлаач, мэргэжилтнүүд хэдэн талаас нь хэлж, анхааруулсан тулдаа ажлын хэсгийнхнийг хуралдуулах болж. Гэхдээ энэ нь одоохондоо бас л хий хоосон амлалт төдий зүйл.
Манай улс төмөр замын өргөст торноос татгалзах бодлого баримталж байгаа. Тиймээс нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц, гарам байгуулах үндэсний хоёр ч стандарт баталсан. Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцод нэгдэж, зам, дэд бүтцийн аливаа бүтээн байгуулалтыг байгаль, зэрлэг амьтдад ээлтэйгээр төлөвлөх үүрэг хүлээсэн. БОАЖЯ, ЗТХЯ-ныхан гурван байршилд 1500 метр тор буулгахаар төлөвлөсөн, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг шинэ стандарттай уялдуулж хэрэгжүүлнэ гэж өнгөрсөн оны сүүлчээр мэдээлж байлаа. Гэтэл эхэлсэн цагаасаа л байгальд ээлтэй төлөвлөлттэй, амьтдад зориулсан шийдэлтэй хэмээх чимэг тодотгол зүүсэн “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор” төсөл дээрх хоёр стандартыг хөрсөн дээр буулгалгүй, яамныхныг орон нутгийн иргэдтэй ташраар нь молигодлоо. Өмнийн говийн зэрлэг амьтад өргөст торонд өрлүүлж дуусах аюулд ойртов.