Энд тэндгүй хөл хорьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, тусгай зориулалтын хувцастайгаар иргэдэд үйлчлэхийг шаардаж байсан цаг ард хоцорсон гэхэд болно. Улаанбаатарт бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулж, үйлчилгээний байгууллагуудад тавих зарим журмыг цуцлан, цар тахлын өмнөх үеийнх шиг хэвийн амьдралд шилжсэн мэдрэмж төрж буй. Гэтэл урд хөрштэй хил залгаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумд нөхцөл байдал өөр байна. Ялангуяа Эрээний боомтоос ачаа, бараатай чингэлэг татан авч, хоосныг нь буцаан байршуулдаг хилийн тэг цэг орчимд онцгой журам үйлчилсэн хэвээр. Тодруулбал, хилийн тэг цэг буюу хоёр улсын дундын бүсэд өдөр бүр 08.00-13.00 цагт хятадууд чингэлэгтэй ачаанууд авчирч буулгана. Энэ үед тийшээ хэн ч нэвтрэх эрхгүй. Харин 13.00 цагаас хойш ЗХЖШ-аас томилсон алба хаагчид тээврийн хэрэгслээ жолоодон нэвтэрч, буулгасан чингэлгийг ачин гарч, ложистикийн төвд хүргэнэ. Зэвсэгт хүчний алба хаагчдын автомашины бүхээгийг лацдан, жолооч нь хамгаалалтын цагаан хувцас өмсжээ. Тэд зөвхөн чингэлэг зөөх ажилд оролцох бөгөөд зочид буудалд тусгаарлагдан, PCR шинжилгээ өгч байж явдаг. Мөн тээврийн хөдөлгөөнийг зохицуулагчид, чингэлэг ачиж, буулгах төхөөрөмжийг ажиллуулдаг бүх ажилчин хамгаалалтын хувцас, малгай, амны хаалт, бээлийтэй. Энэ бол урд хөршөөс тавьж буй шаардлага. Бүр улс хоорондын дундын бүс болох хилийн тэг цэгт, монгол, хятад хүмүүс ямар ч харилцаагүйгээр, задгай орчинд чингэлэг солилцоход л дүрэм, журам мөрдүүлж буй. Одоогоор чингэлэг зөөх зориулалтаар тоноглосон 50 автомашин ашиглаж байна. Эдгээр автомашины шатахуун, жолоочийн цалин, холбогдох татвар, тусгаарлах байр болон хоолны зардлыг төрөөс дааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, богинын тээвэр буюу тэг цэгээс ложистикийн төв хүртэлх зайд (15 орчим км) нэг рейс хийх автомашинд 500 000-600 000, сард 2.3 тэрбум төгрөг улсаас зарцуулж буйг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн. Тиймээс төрөөс гаргаж буй зардлыг халах, нөгөөтээгүүр богинын тээвэрт Замын-Үүдийн тээвэрчдийг оролцуулж, ажлын байрыг нь бий болгох зорилгоор ЗТХЯ, бусад албаныхан ажлын хэсэг байгуулан дээрх сумд өнгөрсөн мягмар, лхагва гарагт ажиллав. Ажлын хэсгийнхэн Замын-Үүдийн 6000 орчим жолоочийг төлөөлж буй төрийн бус байгууллагынхантай урьдчилан ярилцаж, төр, хувийн хэвшил хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. Гэрээнийхээ эхийг бэлтгэн, харилцан ярилцаж, гарын үсэг зурснаар Замын-Үүдийнхэн богинын тээвэрт оролцоно, тээврийг өнөөдөр эхлүүлнэ гэж тооцсон ч хараахан үр дүнд хүрсэнгүй. Энэ талаар Ж.Бат-Эрдэнэ “Богинын тээвэрт Замын-Үүдийн жолооч нарыг оролцуулах, тэднийг ажлын байр, орлоготой болгохыг шаардсан жагсаал цөөнгүй болсон. Тиймээс салбарын яамнаас ямар гарц гаргалгаа бийг судлан, Замын-Үүдийнхэн тээвэрт оролцож эхэлбэл нэг рейсийг 725 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шаардлага тавьсан. Ийн зөвшилцөөд, гэрээ байгуулахын завдалгүй шатахууны үнэ нэмэгдсэн учраас тээврийн зардлыг өсгөх хүсэлт жолооч нар тавилаа. Ер нь гэрээний зарим нөхцөлөө эргэн харах хэрэгтэй болсон. Цар тахлын оргил үед мөрдөж байсан тусгаарлалт, коронавирусийн шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг зохих төлбөртэй бүх үйлчилгээ Замын-Үүдэд хэвээр байна. Түүнчлэн уртын тээвэр буюу Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачааны зардлыг тонн км тутмаар тооцон, тээвэрчид өөрсдөө тогтоож буй. Бидний хувьд богинын тээвэрт мөрдүүлэх гэрээг дахин нягтлаад, батална” гэв. Үүнээс гадна ложистикийн төвийн талбайг өргөтгөх шаардлага бий аж. Уг төвд одоогоор өдөрт 70-80 чингэлэг урд хөршөөс оруулж ирж буй бол 30 орчмыг эргүүлэн тэг цэг рүү зөөж байна. Хэрэв ложистикийн төвд шинээр 4-6 га талбай бий болговол байрлуулах чингэлгийн тоо нэмэгдэх аж. Тиймээс уг төвийн талбайг томсгох, чингэлэг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын төлөвлөгөө “Улаанбаатар төмөр зам” ХНН болон “Монголын төмөр зам” компаниас гарган, бэлтгэлээ базааж байгаа юм.
Замын-Үүд сум дахь ложистикийн төв 30 000 ам метр талбайтай. Энд урд хөршөөс оруулж ирсэн бараанд гаалийн бүрдүүлэлт хийн, зохих хяналт тавиад Улаанбаатар болон орон нутгууд руу сэлгэн ачуулдаг. Ажлын ачаалал нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, өдөрт 40-50 чингэлэг оруулж ирж байсан бол өдгөө 70-80 болж тоог нь өсгөжээ. Мөн урд хөрш рүү буцаан явуулах бүх чингэлгийг бүрэн ариутгана. Ингэж ариутгасан ч Эрээнд тусгай зогсоолд байршуулж, ариутган, 7-10 хонуулсны дараа ачаа ачин, Монгол руу илгээдэг гэсэн. Энэ тухайд “Монголын төмөр зам” компанийн Замын-Үүд дэх салбарын захирал Э.Эрчист “Эрээнээс оруулж ирж буй чингэлгийн тоог нэмж, ачаа эргэлтийг сайжруулах боломжтой юу гэж хүмүүс байнга асуудаг. Бид чингэлэг солилцох талбай, тээвэрлэж буй автомашин, ачих, буулгах төхөөрөмжийн хүчин чадалд тохируулж бүх нөөцөө дайчлан ажилладаг. Эндээ ариутгаад, шаардлагатай арчилгааг хийгээд явуулсан ч Эрээнд нэг чингэлгийг багадаа долоо хоног байршуулаад, хөдөлгөдөггүй. Ер нь урд хөршийн тавьсан шаардлагыг биелүүлж буй гэхэд болно. Хилийн тэг цэгт солилцох чингэлгийн тоог нэмбэл ачаа эргэлт сайжирна” гэсэн юм.
Улс хоорондын дундын бүс буюу хилийн тэг цэг дэх чингэлэг солилцох талбайн хэмжээг өсгөх, тоног төхөөрөмж нэмж суурилуулах шаардлагатайг яриад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл уг цэгийг өргөжүүлэхэд зургаан тэрбум төгрөг төсөвлөн, бүтээн байгуулалтын ажлыг ирэх сард багтаан эхлүүлэхээр холбогдох байгууллагууд нь төлөвлөжээ. Талбайгаа өргөтгөснөөр өдөрт 200 орчим чингэлэг хүлээн авах боломжтой аж. Мөн ачиж, буулгах төхөөрөмжийг (одоогоор гурван төхөөрөмжтэй) нэмж, тэнд ажиллах хүмүүсийг ч олшруулах хэрэгтэй юм байна. Түүнчлэн Эрээн дэх чингэлэг боловсруулах буюу чингэлэгт ачаа ачин, битүүмжилж ирүүлдэг талбайгаа ч хятадууд өргөтгөж буй гэнэ. Тэд ажлаа эхлүүлсэн бөгөөд зургадугаар сар гэхэд дуусгахаа мэдэгджээ.
Чингэлэг тээвэр нь урт болон богинын гэсэн хоёр хэсгээс бүрддэг талаар өмнө дурдсан. Богинын тээвэр нь хилийн тэг цэгээс ложистикийн төв хүртэлх зай. Уртынх нь ложистикийн төвөөс Улаанбаатарт ирэх юм. Ачаа тээврийн зардал хаана өсөөд байгаад гайхах, бухимдах хүн олон. Замын-Үүд, Эрээний боомтоор ачаа бараа нэвтрүүлж эхэлмэгц тээврийн жолооч нар үйлчилгээнийхээ үнийг огцом нэмж, зардлыг өсгөсөн гэх хүн цөөнгүй. Нөгөөтээгүүр, богинын тээвэрт төр оролцон, ЗХЖШ-аас томилсон хүмүүсээр жолоо бариулж, зардал гарган, үнийг хөөрөгдөхөд нэмэр болсон гэж үзэж буй нь ч байна. Тэгвэл Эрээнээс ачаа ачин нэвтрүүлж буй чингэлгүүд өөрсдийн үнэтэй. Тодруулбал, чингэлт ачаа ачсан, тэг цэг хүртэл тээвэрлэж ирсэн зардлыг Хятад дахь тээвэр зуучийн байгууллага тогтоож явуулдаг аж. Үүн дээр уртын тээврийн зардлыг нэмэхэд үнэ тогтоно. Түүнчлэн задгайгаар буюу том оврын нэг автомашин ачааг 2-3 чингэлэгт шилжүүлж ачиж буй. Ингэснээр илүү зардлаар бага хэмжээний ачаа тээх нөхцөл бүрдэн, үнэ нэмэгдэх нэг шалтгаан болжээ. Тээврийн зардлын өсөлт, жолоочийн оролцооны талаар “Эвийн үүд хамтын жолоо” төрийн бус байгууллагын тэргүүн Я.Оргилболд ийн ярив. Тэрбээр “Замын-Үүдэд 6000 орчим жолооч ажилгүй байна. Ядаж богинын тээвэрт биднийг оролцуулж, орлого олох боломж бүрдүүлэх саналыг салбарын яаманд удаа дараа тавьсан. Гэтэл нэг рейсийг 725 000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй гэнэ. Мөн жолооч өөрөө тээвэрт оролцохгүй, автомашинаа өгч явуулах аж. Ингэвэл манай тэргийг унах жолоочийн цалин, тусгаарлалт, ариутгал халдваргүйжүүлэлт гээд бүх зардал биднээс гарна. Энд 6000 орчим автомашин бий, өдөрт дундын бүсээс 50-60 чингэлэг тээвэрлэж ирнэ. Тэгэхээр нэг автомашин багадаа сар хүлээж байж тээвэрт оролцоно гэсэн үг. Дизель түлшний үнэ өдөр ирэх бүр өсөж байхад богинын тээвэрт нэг рейсийг багадаа сая төгрөгөөр үнэлүүлээд ч ашиггүй гэсэн үг. Ер нь задгай тээврээ эхлүүлэх, эсвэл богино зайд зөөх чингэлгийн тоог олшруулахад анхаарахгүй бол горьгүй нь. Манай сум 20 000 гаруй өрхтэй, том оврын 6000 автомашинтай гэхээр айл бүрийн амьдрал тээврээс л шалтгаалж буй хэрэг. Үнэхээр арга барагдаж байна” гэв.
Замын-Үүдэд, ялангуяа тээвэр ложистикийн бүсэд цар тахлын үеийн дэглэм журам үйлчилж, урд хөршөөс тавьж буй хатуу шаардлага ийнхүү хэвээр байна. Нэг талаас орон нутгийн жолооч нар тээвэр зуучийн үйл ажиллагаанд оролцон, орлого олохыг зорьж буй бол нөгөө талаас ачаа тээврийн зардлыг өсгөхгүй байх, мөн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх үүднээс төрөөс богинын тээврийг “базжээ”. Цаашид БНХАУ-ын талаас задгай тээврийг эхлүүлэх, эсэх нь тодорхойгүй хэвээр. Юутай ч манайх хүлээн авах болон “боловсруулах” чингэлгийн тоогоо олшруулах зорилгоор дундын бүс, ложистикийн талбайгаа өргөжүүлэхээр ажиллаж байна.