Аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг байгуулахаар ажлын хэсэг байгуулагдан, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулжаа.
Тус түр буудаллах цэгийг 200-250 км тутамд нийт 35 байршилд байгуулах бөгөөд, аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг зарласнаас эхний 4 байршилд Архангай аймгийн Цэнхэр сумд “Заяын өгөөж” ХХК, Увс аймгийн Зүүнхангай сумд “Драгон” холдинг, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд “Исун мод тур” ХХК, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумд “Баян дойт” ХХК тус тус шалгарч МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр болов.
Түр буудаллах цэгүүд нь авто зогсоол, шатахуун түгээх станц, авто үйлчилгээний газар, машин угаалга, ресторан, зочид буудлын үйлчилгээ, ариун цэврийн байгууламж, худалдаатай байхаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй байх юм.
Монгол Улсад анх удаа олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолборууд аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу шинээр байгуулагдсанаар гадаад, дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой.