“Бостон селтикс” багийн хамгаалагч М.Смарт NBA-ийн оны шилдэг хамгаалан тоглогчоор тодорлоо. Тэрбээр санал асуулгад 257 оноо авсан бол М.Брижес (Финикс) 202, Р.Гобер (Юта) 136 оноо авч удаалжээ. Лигт найм дахь жилдээ тоглож буй М.Смарт тус шагналыг хүртсэн, “Селтикс”-ийн түүхэн дэх хоёр дахь тоглогч (К.Гарнетт 2007-2008 онд хүртсэн) боллоо. Шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг 1982 оноос олгож эхэлснээс хойш Г.Пэйтон, М.Смарт гэсэн хоёрхон холбон тоглогч хүртээд буй бол хамгаалагчид таван удаа авсан байдаг. Гэхдээ хамгийн сүүлд 1988 онд М.Жордан эл шагналыг авч байсан юм. Бусад тохиолдолд төвийн тоглогч, довтлогчид тус шагналыг хүртсээр ирсэн билээ.