Баянхонгораймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг буюу аймгийн төвөөс баруун урд зүгт 93 километрийн зайд өчигдөр 14:30 цагийн үед мөндөр орсны улмаас сумын уурын зуухан дээр аянга буужээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын уурын зуух, дулааны шугамын үйл ажиллагааг явуулдаг “БСТ Хонгор” компанийн механикчтай холбогдоход уурын зууханд /Булат-1.45 мвт/ бага зэргийн гэмтэл гарсан, өөр учирсан хохиролгүй тухай мэдээллийг өгсөн байна.
Мөн өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст 1 дүгээр багийн 4 дүгээр гудамжинд 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас цэцэрлэгийн барилгын дээвэр хууларчээ.
Аврагчид болон аймгийн Засаг Даргын Тамгын Газрын ажилтнууд очиж, дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгосон байна. Шуурганы улмаас хүн бэртэж, гэмтээгүй болохыг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.