Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг япончууд боловсруулж байна. Дөрвөн жилийн өмнө анагаах ухааны Жити их сургуулийн дэд профессор Такахаши Хидэнори тэргүүтэй хэсэг эрдэмтэн нүдний зургийн онцлог шинж тэмдгийг автоматаар таних систем зохион бүтээжээ. Энэ нь нүдний олон зуун өвчний анхны шинж тэмдгийг эрт илрүүлж, зөв онош гаргах боломжийг эмч нарт олгож байна. Эмнэлэгт хяналтын үзлэгт эл системийг ашигласнаар онош тавих хугацаа гуравны хоёроор багассан гэнэ. Мөн үзлэгийн үеэр илрүүлэлгүй орхигдуулсан өвчлөлийн тоо буурсныг эрдэмтэд онцолж байна.