Хилийн боомтуудын асуудлуудаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "БНХАУ-тай хил боомтын чиглэлээр үйл ажиллагаагаа сэргээж, цар тахлын өмнөх үеийн хэвийн байдалд оруулахын тулд сүүлийн хоёр жил тасралтгүй ГХЯ ажиллаж байгаа. Иймдээ ч дипломат түвшинд хүсэлтүүдээ илэрхийлж, давуу байдал олгохыг манай улсын нөхцөл байдлыг бусад улсаас илүү ойлгохыг хүсэж харилцаж буй. Манай хоёр улсын хувьд улс төрийн харилцааны хувьд ямар ч асуудал байхгүй.
Хятад улс хил залгаа хуурай замын 12 улсын боомттой халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин баримтлах бодлогыг л барьж ажилласан. Иргэдийн зорчих хөдөлгөөн байхгүй. Гол нэрийн бараа хилээр нэвтэрч буй. Иймд хамгийн сүүлд бидний зүгээс Гашуунсухайт боомтоор хоногт 1000 тээврийн хэрэгсэл гаргах хүсэлтээ байгаагаа БНХАУ-д илэрхийлсэн. Эрээн, Хөх хот, Бээжингийн Элчин сайдын яамдууд хил рүү төвлөрч ажиллаж байгаа.
Мөн нүүрс тээвэрлэлтийн таван боомтод Хятад улсынхтай ижил стандартын лабораторийг байгуулахаар болсон. Энэ сардаа багтаан суурилуулна. Ингэснээр нүүрсний болон бараа бүтээгдэхүүний гарцанд нөлөөлнө. Үүнийг Хятадын Гадаад харилцааны сайдын санаачлагаар 20 сая юанийн өртөгтэй PCR шинжилгээний аппарат, урвалж тестүүдтэй нь өгч байрлуулах юм. Дөрөвдүгээр сард Бургастай, Шивээхүрэн, Сэхээ боомтууд ашиглалтад орно гэдгийг Хятадын талаас мэдэгдсэн" гэв.