Хөдөлмөрийн болон ажиллах орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван хүн эрүүл мэндээрээ хохирсон хэрэг Говьсүмбэр аймагт гарчээ. Тус аймгийн Сүмбэр сумын II багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Баяннексус” ХХК-ийн үйлдвэрийн төмөр хайлуулах тогоо нь дэлбэрсэн аж. Үүнээс бол 39, 42 настай хоёр эмэгтэй, 41-тэй нэг эрэгтэй түлэгдэж гэмтжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр дээрх компанийн эрх бүхий албан тушаалтанд Эрүүгийн хуулийн 11.3 дахь хэсэгт заасан хүний биед болгоомжгүйгээр хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчийн дүгнэлтээс шалтгаалж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх юм байна. Хамт байсан хүмүүсийнх нь өгүүлснээр шингэрүүлсэн хийн бортгыг доторх бүтээгдэхүүнийг нь гаргалгүй тогоонд хийснээс дэлбэрсэн байх магадлалтай гэнэ.
Гадаад худалдааны чиглэлээр анх байгуулж, 2018 онд ган бөмбөлгийн үйлдвэрлэл нэмж эрхлэх болсон тус компанийнхан мөн ондоо “ДЦС-3” компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх тендерт шалгарч, 628 сая гаруй төгрөгийн бараа борлуулах гэрээ хийж байсан аж.