Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суварга орж байгаа юм.
Байгалийн галерей болсон Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авна
Дэл, Хөнжлийн уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднаас бүрдсэн уул юм. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумдын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залган оршино. Дэл уул нь тэр чигээрээ хадны сүг зургийн урлан гэдгээрээ онцлогтой. Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах түүхийн дурсгалт газар.
Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд тухайн үеийн аж амьдрал, ахуй, соёлыг илэрхийлэх 5000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон Хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.
“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх хэлэхдээ, “Дэл уулын Булаг билүүн, Зүүн билүүн хэмээх уртаашаа 10 км, өргөөшөө найман км хэсэгхэн газарт байдаг 5000 орчим хэмээн багцаалдаг хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн хэмээн судлаачид тогтоосон байдаг.
Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон руни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн, одоогоор Монголын нутаг дэвсгэрээс гуравхан олдсон дөрвөн дугуйтай морин тэрэг, хамгийн том хэмжээтэй морин тэрэг зэрэг судлаачдын анхаарлыг татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгалууд энд бий.
“Цагаан суварга”-д жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг
Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.
Харин Соёлын яамнаас Цагаан суваргыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тухай саналыг БОАЖЯ-нд өгчээ.
Энэ онд салбарын яамнаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 12 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний нэг нь Цагаан суварга оржээ. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсэх болсон гэнэ.
“Цагаан суварга”-д жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг. 2020 онд 7000 орчим, 2021 онд 15 мянга орчим дотоодын жуулчин энд ирсэн. Өлзийт сумаас 85 км алслагдсан учраас хогийн савыг тогтмол цэвэрлэх боломж гардаггүй. Иймээс жуулчдад хог хаягдлаа авч явахыг сануулдаг байна.