Монголын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг таван том банкийг ирэх зургадугаар сарын 31 гэхэд олон нийтэд хувьцаагаа арилжиж, нээлттэй компани болсон байх үүргийг хуулиар хүлээлгэсэн. Тэгвэл Монголын гурав дахь том банк “Голомт” олон нийтэд хувьцаагаа арилжих зөвшөөрөл авахаар Монголын хөрөнгийн биржид хандсаныг эх сурвалж дуулгалаа. Дараа нь ХААН, “Хас” банк хувьцаагаа арилжих зөвшөөрөл авахаар Монголын хөрөнгийн биржид хандахаар зэхэж байгаа гэнэ. Банкууд Монголын хөрөнгийн биржээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийг авах учиртай.
Арилжааны банкууд компанийн сайн засаглалын зарчмуудыг тусгасан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Ашигтай ажиллахаас гадна дэлхийд нэр хүндтэй компаниудаар санхүүгийн тайландаа аудит хийлгэдэг билээ. Тиймээс зөвшөөрөл авахад хялбар гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн тэд эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй байгаа учраас банкууд эхний ээлжинд хувьцааныхаа таван хувийг л олон нийтэд арилжих болов уу гэсэн таамаг дэвшүүлж буй юм.
Бэлтгэсэн: Т.ЭНХБАТ