ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын судлаачид “Зарим авто зам дагуух цэвдгийн судалгаа” төслийг Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 2017 оноос хэрэгжүүлж буй. Судлаачид цэвдгийн тархалт өндөртэйд тооцогддог бүс нутаг дахь авто замуудыг судлаад “байгалийн хөргүүр”-ээс үүдэлтэй гажилт, суулт, эвдрэл, хагарал их байгааг тогтоосон.
Улмаар 2019 онд Мөрөн-Хатгал чиглэл дэх улсын чанартай авто замыг геофизикийн цахилгаан хайгуулын аргаар анх удаа судалж, их хэмжээний суулт үүссэн хэсэгт цэвдгийн гэсэлтийг хязгаарлах хамгаалалтын далан байгуулсан бол өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт бас нэгэн туршилтыг амжилттай хийсэн талаараа мэдээлэв. Тодруулбал, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Я.Жамбалжав нарын судлаачдын баг Бураатын даваа орчмын авто замын эвдрэлийг цэвдгээс үүдэлтэйг тогтоосны үндсэн дээр тухайн хэсэгт хөлдөөгч хоолой суурилуулсан байна. Авто замын далангийн доор ийм хоолой суурилуулснаар агаарын хэмд хэт мэдрэг, амархан гэсэж, хөлддөг цэвдгийн идэвхтэй буюу өнгөн давхаргыг тогтворжуулах боломжтой гэнэ. Судлаачид 2021 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд хөлдөөгч хоолойг хянахад цэвдгийн идэвхтэй давхаргыг маш сайн хөргөж, гэсэхээс сэргийлж байсан нь батлагджээ.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа