Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирал Ч нөхрөө хууль бусаар ажилд авсан, улмаар тухайн багш нь сурагчдын биед халдсан гэнэ. Энэ асуудлаар тус сургуулийн багш, сэтгэлзүйч, эрхзүйч мэдээлэл өглөө. Тухайн багш орос хэлний хичээл заадаг аж. Тухайн багш Ц гуравдугаар сарын 9-ний өдөр ширээн дээрээс сандал унагасан шалтгаанаар наймдугаар ангийн сурагчийн толгой руу цохиж, хөлийг нь хүчтэй өшиглөсөн байна. Зодуулсан сурагчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад хандаж, хүүхэд зодсон багшийг шалгуулж эхэлжээ. Харин сургуулийн удирдлага эсэргүүцэл илэрхийлсэн багшийг дарамталж "Багш нь сурагчийн биед халдсан асуудлыг олон нийтэд дэлгэж болохгүй. Энэ бол байгууллагын дотоод асуудал. Хэрэв дотоод асуудал дэлгэвэл ёс зүйн хариуцлага тооцно" хэмээжээ. Тус сургуульд 264 хүүхэд суралцдаг аж. Орос хэлний багшийг хүүхэд зодож, бие махбодод гэмтэл учруулж, ангийнханд нь сэтгэлзүйн дарамт үзүүлсэн хэмээн үзэж буй сэтгэлзүйч багш болсон асуудлыг БШУ-ны сайдад мэдэгдэх аж.