“Капитал” банкийг 2019 онд татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгож буй. Нөхөн төлбөр олгох хугацаа энэ сарын 8-нд дуусна. Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн газрын захирал Д.Баасандуламтай “Капитал” банкны нөхөн төлбөр олголтын талаар ярилцлаа.
-Хадгаламжийн даатгал гэж юу болох, ямар ач холбогдолтой талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Хадгаламжийн даатгалын тогтолцоо гэдэг нь банк санхүүгийн хүндрэлд орж, албадан татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкан дахь харилцах, хадгаламжийн нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгох үйл ажиллагааг хэлнэ. Улсын Их Хурлаас 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталснаар Монгол Улсад Хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлэх болсон. Уг тогтолцоог хэрэгжүүлснээр нийт харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.4 хувь нь эрсдэлээс хамгаалагдсан гэсэн үг.
-Хадгаламжийн даатгал гэхээр банкны харилцагчид даатгалд хамрагдахын тулд төлбөр хураамж төлөх үү?
-Хадгаламжийн даатгалын тогтолцооны нэг онцлог нь банкны харилцагч нь ямар нэгэн төлбөр, хураамж төлдөггүй, харин банк нь харилцагчдынхаа өмнөөс даатгалын хураамжийг Хадгаламжийн даатгалын санд төвлөрүүлдэг.
-“Капитал” банкийг татан буулгасантай холбоотой Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
-Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тушаалаар “Капитал” банкийг татан буулгах шийдвэргаргаж, манай байгууллагаас тус банкны хадгаламж эзэмшигчдэд ХААН банкаар дамжуулан 20 сая хүртэлх харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг олгож эхэлсэн. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь хуулийн дагуу гурван жил үргэлжлэх тул энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дуусгавар болно.
-“Капитал” банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөөч.
-“Капитал” банкны 354 260 хадгаламж эзэмшигчид 44,662,554,578 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкны Улаанбаатар хотын 17, орон нутгийн 34 салбар тооцооны төвүүдээр дамжуулан олгож эхэлсэн. 2021 оны IV улирлын байдлаар 40.4 тэрбум төгрөг буюу нийт нөхөн төлбөрийн 90.5 хувийг олголоо.
-Даатгалын нөхөн төлбөрөө авахын тулд хаана хандах хэрэгтэй вэ?
-Өмнө хэлсэнчлэн, даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа гурван жилийн хугацаанд үргэлжилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дээрх үйл ажиллагаа дуусгавар болно. Тиймээс дуусгавар болохоос өмнө холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ХААН банкны салбарт очин нөхөн төлбөрөө авах боломжтой. Иргэн бол иргэний үнэмлэх,хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулийн этгээдийг төлөөлөгчийн иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай вэбсайт болох www.dicom.mn-ээс авах боломжтой.
Ярилцсанд баярлалаа.