Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаа дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 221 иргэн бүртгүүлснээс 201 иргэн 7 ээлжээр шалгалт өгч 64 иргэн (31.8 хувь) амжилттай дүн үзүүллээ. Тус аймагт Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэгт НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн стратеги бодлогын зөвлөх Д.Дэмчигсүрэн, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Энхтулга нар төрийн албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцаж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар хот, Алтанбулаг, Баянгол, Хүдэр, Ерөө сумдын төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний зарим байгууллагуудад ажиллаа. Сэлэнгэ аймагт явагдсан төрийн албаны ерөнхий шалгалтын нэг онцлог нь шалгалт өгч буй иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний иж бүрэн байдлыг хангасан явдал байлаа. Тухайлбал төрийн цахим үйлчилгээний орчинд хүлээх танхим, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор үзүүлсэн юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа болон сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоо, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, орон нутаг дахь төрийн албаны хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, төрийн бүтээмж зэрэг төрийн албаны шинэтгэлийн тухайлсан сэдвүүдээр санал солилцлоо.