ХХААХҮЯ-наас тариаланчдын санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилгоор зах зээлийн эргэлтэд оруулаагүй байсан хүнсний буудайг худалдан авах ажлыг эхлүүлжээ. Үүний хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас үлдсэн, стандартын шаардлага хангасан 50.8 мянган тонн улаан буудайг худалдан авах хуваарь гаргаснаа мэдээллээ. Уг хуваарийн дагуу улаан буудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймаг, Угтаал, Хөтөл, Хархорин сум дахь салбар луу татан авах бэлтгэл хангажээ. Улаан буудайг цэвэрлүүлэх, дугаарлах ажлыг орон нутгийнх нь Хүнс, хөдөө аж ахуйн газрынханд ХААДС-гаас даалгасан аж. Ингэснээр үтрэмд байгаа улаан буудайг ирэх сарын гуравдугаар долоо хоногоос эхлүүлэх хаврын тариалалтаас өмнө тариаланчид 100 хувь борлуулж, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх аж.
Бэлтгэсэн С.Цэрэн