Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард Хөгжлийн банкны удирдлагатай уулзан үүрэг өгч, Төлөөлөн удирдах зөвлөлийг нь 100 хувь өөрчилж чөлөөлөхийг даалгасан. Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийг сонгожээ. Тодруулбал, ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, гишүүнээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ЭЗХЯ-ны Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилжээ. Тэгвэл хараат бус гишүүнээр Д.Сувдаа, Ү.Амарбат, Г.Буян, С.Насанжаргал нарыг томилсон аж. Тэдний хаана ажилладаг талаарх мэдээллийг Хөгжлийн банк цахим хуудсандаа оруулаагүй байв. Ү.Амарбатын хувьд дээрх томилгооноос өмнө Хөгжлийн банкны хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны даргаар ажиллаж байсан нэгэн юм. ТУЗ-ийн дарга Ж.Ганбат нь Хэнтий аймгийн Өндөрхаан сумд дунд сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр бакалавр, АНУ-ын Колорадогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгсжээ. Ажлын туршлагын хувьд 1995 оноос Сангийн болон Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан аж. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сараас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан гэнэ. Ташрамд дурдахад, Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт ТУЗ байхаар тусгасан. ТУЗ нь есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь хараат бус байх учиртай.