…Нэгэнт хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани учир нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Төр хувьцааных нь 66, эсвэл 34 хувийг нь мэдэлдээ үлдээгээд, бусдыг нь арилжиж, хөрөнгө татан төвлөрүүлж болно. Нэмэлт үнэт цаас гарган, хувьцааг нь “амилуулан”, хувийн хэвшлийн менежментийг оролцуулбал дагаад компанийн засаглал нь сайжрах нь дамжиггүй…
Хөтөлийн шохойн чулууны ордыг түшиглэн нойтон аргын технологиор жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж, 1983 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Тус үйлдвэр 40 орчим жил үйл ажиллагаа явуулж, барилгын “талх” болсон цементээс гадна шохой, дулаан үйлдвэрлэж байна. “Хөтөлийн цемент шохой” компани зах зээлийн шилжилтийн үед дөнгөн даган ажиллаж байсан бол сүүлийн 10 гаруй жилд хувь заяа нь ээдрээтэй хэвээр байв.
Түүх сөхвөл, 2010 онд “Хөтөлийн цемент шохой” компанийн ажилтнуудын хүсэлтээр Төрийн өмчийн хороо менежментийг нь сайжруулахаар болсон. Улмаар 2011 онд “Бейзмент” компанид 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр эзэмших эрхийг нь шилжүүлэв. Концесс эзэмшигч компани Хөгжлийн банкнаас 61.3 сая ам.доллар зээлэн, үйлдвэрлэлийн технологийг нь хуурай аргад шилжүүлж, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон.
Үйлдвэрлэлийн шинэ технологийг нь ашиглалтад оруулснаас нэг жилийн дараа буюу 2015 онд “Бейзмент” компани нэрээ “Хөтөл” болгон өөрчилж, “Хөтөлийн цемент шохой” компанийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан байдаг. Тухайн үед “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байсан. Хувьчилж авсныхаа дараа дээрх биржийн бүртгэлээс хасуулах хүсэлтэй байсан боловч 2018 онд зургаан сая ширхэг хувьцаа нэмж гарган, нэг тэрбум гаруй төгрөг татан төвлөрүүлж, нээлттэй компани болгосон юм. Тэгвэл Засгийн газар “Хөтөлийн цемент шохой” компанийг төрийн мэдэлд эргүүлэн авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан нь олны анхаарлын төвд ороод байна. Тус компанийг төрийн мэдэлд эргүүлэн авах санаачилгыг гаргасан Шадар сайд С.Амарсайхан “Хөтөлийн цементийн үйлдвэрийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр зах зээлийнхээс олон дахин хямд үнээр хувьчилсан нь хууль зөрчсөн, Хөгжлийн банкнаас авсан зээлийг нь зориулалтын бусаар ашиглаж, их хэмжээний өрөнд оруулсан, “Хөтөл” компанийн хөрөнгө оруулагч нас барж, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь өв залгамжлахаас татгалзсан учраас эзэнгүйдсэн” гэж тайлбарлаж буй. “Хөтөлийн цемент шохой” компани 2016 оноос хойш алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд нийт өр, төлбөр нь 355 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 295 тэрбумыг нь Хөгжлийн банканд төлөх шаардлагатай аж. Засгийн газар Хөгжлийн банкнаас авсан зээлийг нэгэнт зориулалтын бусаар ашигласан учир “Хөтөлийн цемент шохой” компани биш, цаад хүмүүс нь төлөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Мөнөөх өв залгамжлагчгүй болсон гэх “Хөтөл” компанийн эцсийн өмчлөгч нь Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг гэгддэг.
Засгийн газраас “Хөтөлийн цемент шохой” компанийн гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатарыг түр томилсон. Гэвч “Хөтөлийн цемент шохой” компанийн гүйцэтгэх захирал Д.Чинбат тэргүүтэй хүмүүс “Төр хувийн өмчийг булаан авч байна” хэмээн эсэргүүцэж байгаа. Тэд өв залгамжлагчийг нь нотариат батлахгүй байгаа тухай мэдээлсэн. Хөгжлийн банк “Хөтөлийн цемент шохой” компанийг хууль зөрчин хувьчилж авсан, зээлээ зориулалтын бусаар ашигласан зэрэг холбогдох мэдээллийг Нотариатчдын танхимд танилцуулснаар баталгаа хийлгэх боломжгүй болгосныг эх сурвалж дуулгаж буй. Олон нийтийн дунд төр, хувийн хэвшлийн компанийг “дээрэмдэж” авлаа гэх шүүмжлэл мэр сэр гарч байна. Төрийн өмчийг санхүүгийн луйврын схемийн дагуу хууль зөрчин хувьчилж авсан бол хариуцлага нэхэхээс өөр аргагүй. Улс орны эдийн засагт томоохон хувь нэмэртэй үйлдвэр эзэнгүйдэж байгаа бол төр анхаарал тавих нь зүйтэй. Харин өөрсдөө бүтээн босгосон, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй бусдын хөрөнгийг төр булааж авахыг хэн ч дэмжихгүй. Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хөтөлийн цемент шохой” компанийн удирдлага, менежментийг сайжруулж, олон нийтийн хувьцаат компани болгох ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Төр цемент, шохой үйлдвэрлээд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөд байх нь утгагүй. Тиймээс “Хөтөлийн цемент шохой” компанийг олон нийтийн компани хэлбэрээр хөгжүүлэх саналыг дэмжих хэрэгтэй. Орчин цагийн залуус хөрөнгө оруулах сонирхолтой болсон. Гэвч Монголын хөрөнгийн зах зээлд тэдний сонирхлыг татах бүтээгдэхүүн алга. Тиймээс төр өмчөө хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчилж идэвхжүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд сүүлийн үед ярих болсон. “Хөтөлийн цемент шохой”-г олон нийтийн компани болговол хаана хаанаа ашигтай болов уу. Уг компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтийн хэлбэртэй байгааг дээр дурдсан. Хувьцааг нь арилждаггүй, ямар ч хөрвөх чадваргүй учраас хүмүүс хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж боддог байх. Тиймээс энэ компанийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хувьцааг нь хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулж, “амилуулах” учиртай юм. “Хөтөлийн цемент шохой” компанийн талаар Монголын хөрөнгийн биржийн албан ёсны цахим хуудсанд ямар мэдээлэл байгааг сонирхож үзлээ. Гүйцэтгэх захирал нь дээр дурдагдсан Д.Чинбат, “Хөтөл” компани нийт хувьцааных нь 99.79 хувийг эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Мөн нийт 2 876 840 893 ширхэг хувьцаа эргэлтэд гаргасан, зах зээлийн үнэлгээ нь 489.06 тэрбум төгрөг аж. Ерөнхийдөө эл компанийн Монголын хөрөнгийн биржид ирүүлсэн мэдээлэл тун хангалтгүй байв.
Нэмэлт хувьцаа гаргасан дүнгээрээ буюу 170 төгрөгөөр нэгж үнэт цаас нь үнэлэгдэж байна. Тус компанийн удирдлага хамгийн сүүлд 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржид хүргүүлжээ. Үүнд хагас жилийн хугацаанд 180.4 мянган тонн цемент, 150.8 мянган тонн чулуунцар, 19.4 мянган тонн шохой үйлдвэрлэсэн, 779 ажилтантай, 71.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 10.3 тэрбумын алдагдалтай ажилласан хэмээн дурдсан байв. Эл компанийн менежментийг сайжруулах, өр, төлбөрийг нь барагдуулахын тулд нэмж хөрөнгө оруулах шаардлагатай. Нэгэнт хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани учир нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт татах боломжтой юм. Төр хувьцааных нь 66, эсвэл 34 хувийг нь мэдэлдээ үлдээгээд, бусдыг нь арилжиж, хөрөнгө татан төвлөрүүлж болно. Нэмэлт үнэт цаас гарган, хувьцааг нь “амилуулан”, хувийн хэвшлийн менежментийг оролцуулбал дагаад компанийн засаглал нь сайжрах нь дамжиггүй. Засаглал сайтай компани өөдөлдөг, өрсөлдөх чадвартай байдаг нь бизнесийн алтан зарчим билээ. Ингэвэл жижиг хөрөнгө оруулагчид ч “Хөтөлийн цемент шохой” компаниас өгөөж хүртэх боломж бүрдэнэ. Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд арилжаад менежмент, өрсөлдөх чадвар нь сайжирсны тод жишээ “Монгол шуудан” компани юм. Тус компанийн хувьцааны 66 хувийг төр мэдэлдээ үлдээгээд, 34-ийг нь арилжсан. Ингэснээр алдагдалтай ажилладаг байсан компани ашиг олж, зах зээлийн үнэлгээ нь 98.6 тэрбум төгрөгт хүрэн, гурав дахин өсөөд байна. “Монгол шуудан”-гийн жишгээр “Хөтөлийн цемент шохой” компанийн хувьцааг олон нийтэд арилжих нь ээдэрсэн хувь заяаг нь тэгшитгэх хамгийн сонгодог арга буй за.
Бэлтгэсэн Т.Энхбат