Нийслэлийн Аялал жуулчлалын газар хот орчмын түүхэн дурсгалуудад түшиглэсэн тусгай сонирхлын аялал хөгжүүлэхийг зорьж буй. Үүнийхээ хүрээнд 2022 онд гурван газрыг тохижуулахаар болжээ. Тодруулбал, Бэлхийн амны Хүннүгийн язгууртны цогцолбор, Гачууртын амны хадны зураг, Ар гүнтийн дөрвөлжин булшны ойр орчмын газрыг тохижуулж, олон улсын жишгийн дагуу хамгаалан, жуулчдад зориулсан орчин бүрдүүлэх гэнэ. Эдгээрт нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүннүгийн язгууртны цогцолбор бүхий газрыг 700, Гачууртын хадны зурагтай хэсгийг 200, Ар гүнтийн дөрвөлжин булшны ойр хавийг 100 сая төгрөгөөр тохижуулах нь. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх энэ ажлыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн Ж.Сувд