Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, импакт фактор өндөртэй байгалийн шинжлэх ухааны 82 сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг төвлөрүүлдэг, их, дээд сургууль болон судалгааны байгууллагуудыг чанар чансаагаар нь эрэмбэлдэг “Нэйчэр индекс” цахим мэдээллийн сан манай улсын шилдгүүдийг нэрлэжээ. 2020 оны сүүлчээс 2021 оны арваннэгдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд хамгийн амжилттай ажилласан 10 байгууллагыг тодруулсан байна. Жагсаалтын эхэнд ШУА, Элэгний төв, МУИС, ХААИС, “Хүрээ” дээд сургууль эрэмбэлэгдсэн бол сүүлийн таван байрт Хустайн байгалийн цогцолборт газар, Улаанбаатарын их сургууль, Оном сан, Монголын үндэсний музей, АШУҮИС орлоо. Үүнийг тодруулахдаа нийтлүүлсэн өгүүллийн тоо болон хүмүүст хүрсэн байдлыг нь харгалзжээ. Энэ үзүүлэлтийн аль алинд нь ШУА хамгийн өндөр оноо авч, тэргүүлэв. Тус академийнхан нэг жилийн хугацаанд дэлхийд алдартай сэтгүүлүүдэд 62 бүтээл хэвлүүлж, уншилт болон эшлэлийн үзүүлэлтээр 0.69 оноо авчээ. Харин МУИС (дөрөв), Улаанбаатарын их сургууль (хоёр) бүтээлийн тоогоороо ШУА-ийн ард эрэмбэлэгдэхээр байгаа ч хүртээмжийн оноо нь сул учир гурав болон долдугаар байрт жагссан аж. Бусад долоон байгууллагын хувьд дээрх хугацаанд бүгд нэг, нэг өгүүлэл нийтлүүлсэн бөгөөд бүтээл нь хүмүүст хэр зэрэг хүрснээс шалтгаалаад харилцан адилгүй үнэлгээ авсан байна.