Монголын эдийн засгийн чуулганыг угтаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтоор урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж буй. “Аж үйлдвэрийн сэргэлт” хэлэлцүүлгийн эхний хэсэг уул уурхайн бүтээгдэхүүнд түшиглэсэн хүнд үйлдвэрийн сэргэлтийн талаар байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлэлцүүлэгт “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого” сэдэвт илтгэл тавьсан юм. Салбарын яамнаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн, Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сан, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам зэрэг баримт бичгийг энэ онд багтаан батлуулахаар ажиллаж байгаа гэнэ. Эдгээрийг батлуулснаар уул уурхай болон хүнд үйлдвэрийн салбарын хөгжилд дэвшил гарна хэмээн тооцож буй. Г.Ёндон сайд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг хэсэгчлэн зарладаг байсан. Тэгвэл энэ жил бүх талбайг нэгэн зэрэг зарлана. Хайгуулын лиценз олгох хугацааг 4-10 хоногоор богиносгоно. Энэ онд багтаан 350-400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэв. Сүүлийн таван жилд хайгуулын нийт 250 талбайд тусгай зөвшөөрөл олгожээ. Хайгуулын салбарын хөрөнгө оруулалт эрс багасаж, өрөмдлөгийн олон компани хаалгаа барьсан гэнэ. Г.Ёндон энэ үеийг “Хайгуулын салбар гүн нойрссон үе” гэж тодорхойлов. Уг нь хайгуулын салбар уул уурхайн хөгжлөөсөө 15-20 жилээр түрүүлж байх ёстой. “Хайгуулын салбар гүн нойрссоны муу нөлөө хожим гарах нь тодорхой. Тиймээс яаралтай эрчимжүүлэх шаардлагатай” хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. Олон удаа сайжруулах оролдлого хийсэн ч дорвитой ахиц гаргаж чадаагүй хайгуулын салбар “Шинэ сэргэлтын бодлого”-ын хүрээнд идэвхжих бололтой.
Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй. Мөн тус үйлдвэрийг газрын тосоор хангах дамжуулах хоолой татах төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байгаа. Нүүрсний салбарт “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо эрчимжүүлэхээр хөрөнгө оруулахаар болсон. Үүнээс гадна нүүрс баяжуулах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Зэсийн салбарт “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах болон исэлдсэн хүдрээс катодын зэс гаргах үйлдвэр байгуулах төслийн судалгааг эхлүүлсэн. Түүнчлэн Оюутолгойн ордыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байгаа билээ. Гангийн салбарт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн “Монгол ган цогцолбор” байгуулахаар ажиллаж буй. “Болд төмөр Ерөө гол” компани “Алтанширээ аж үйлдвэрийн парк”-д одоогоор гангийн үйлдвэрийн цогцолбор барьж байна. Уг үйлдвэрийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баянголын төмрийн хүдрийн ордод тулгуурлан барьж эхэлсэн. Үүгээр зогсохгүй “Бэрэн” групп Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Тамирын голын төмрийн хүдрийн нөөцөд тулгуурлан, Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг барьж байгаа. Газрын тос боловсруулах болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл саадгүй хэрэгжиж байгаа гэнэ. Тэгвэл зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслүүд судалгааны шатандаа яваа аж. “Алтанширээ үйлдвэр технологийн парк”-аас бусад төмөрлөгийн үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалт зогсонги байдалд оржээ. Сайд Г.Ёндон “Дээрх төслүүд Монгол Улсын хүнд үйлдвэрийн хөгжлийн суурийг тавиад зогсохгүй цаашид үйлдвэр хөгжүүлэх хөшүүрэг болно. Тиймээс заавал хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэгжүүлж ч чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Рио тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Ди Ди Эй Жи” компанийн зөвлөх, доктор М.Баттөгс нар оролцсон юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ирээдүйд уул уурхайн салбарт нээлттэй, ил тод, аль болох либерал бодлого баримтлах нь зүйтэй хэмээн үзэж буй гэнэ. Тэрбээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан баяжмалд тооцохыг болиулах, олон улсын биржийн жишиг үнийг цэгцлэх, тусгай зөвшөөрөл, геологи хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, төрийн зохисгүй оролцоог хязгаарлах гэсэн дөрвөн суурь зарчмын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээв байв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг боловсруулах үйлдвэрээс ч хураадаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад болдог билээ. Олон улсын биржийн жишиг үнээр тооцож экспортлогчдоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хураадаг юм. Жишиг үнийг ямар биржийн ханшаар баримжаалж буйгаас болон итгэлцүүрээс шалтгаалж харилцан адилгүй тогтох нь бий. Тиймээс бодитой жишиг үнэ тогтоох шаардлага тулгардаг. Тусгай зөвшөөрөл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дорвитой бодлого хэрэгжүүлэхээр болсныг дээр дурдсан учир нурших нь илүүц. Тэгвэл уул уурхайн салбар дахь төрийн зохисгүй оролцоог хязгаарлах гэсэн ойлголт сүүлийн үед яригдах болсон. Үүнийг ерөнхийд нь төрийн хэт оролцоог хязгаарлах гэж ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Төрийн зохисгүй оролцоог хязгаарлах хүрээнд стратегийн орд гэсэн ойлголтыг “авч хаях” хэрэгтэй. Үүнээс гадна төр хамгийн өндөр эрсдэлтэй уул уурхайн салбарт хөрөнгө оруулдгийг болиулах шаардлагатай. Тусгай зөвшөөрлийг янз бүрийн аргаар цуцалдгийг болиулах нь зөв. Өмнө нь Засгийн газрын, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр цуцалж байсан тохиолдол бий. Хэн дуртай нь цуцалчихдаг эрх зүйн орчинтой байхад хөрөнгө оруулагчид Монголоос болгоомжилно. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгосон, өмчийн эрхийг нь хамгаалсан өөрчлөлт оруулаасай хүсэж байна. Сэтгэлгээний шинэ тэсрэлтээр аж үйлдвэрийн сэргэлт хийе гэж уриалмаар байна” хэмээсэн юм.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Томоохон төслүүддээ төр эхэлж хөрөнгө оруулж бүтээн байгуулаад, дараа нь хувьчлах замаар хөгжих нь зүйтэй. Энэ нь манай улсын нөхцөлд илүү тохирно” хэмээн Г.Тэмүүлэнгээс эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. “Рио тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал хүнд үйлдвэр хөгжүүлэхдээ ногоон эдийн засгийн бодлогыг давхар авч явахыг сануулж байлаа. Дэлхийн үйлдвэрлэлийн чиг хандлага ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд хандаж байгаа билээ. “Ди Ди Эй Жи” компанийн зөвлөх М.Баттөгс “Металлургийн салбараа хөгжүүлэх нь чухал. Тиймээс гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэлээд анхаарах хэрэгтэй. Түүхээс харахад металлургийн салбар нь хөгжсөн орны эдийн засгийн өсөлт эрчимжсэн байдаг” гэв. Ташрамд дурдахад, хэлэлцүүлгийн үеэр “Болд төмөр Ерөө гол” компанийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, “Болд төмөр Ерөө гол” компанийн “Алтанширээ үйлдвэр технологийн парк”-д “Эрдэнэс Тавантолгой” коксжих нүүрс нийлүүлнэ гэсэн үг. Үйлдвэрийн паркийг 2024 онд бүрэн ашиглалтад оруулж, хорголжин төмөр, ширэм гаргаж эхлэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн Т.Энхбат