Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмэн, есөд хүргэх шийдвэр гаргаснаа өчигдөр мэдээллээ. Олон улсад эдийн засгийн тодорхой бус нөхцөл үүсэн, газрын тос, хүнсний үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэх хандлагатай байгаа аж. Үүний улмаас дийлэнх оронд инфляц төсөөлж байснаас дээшлэх, эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй гэнэ. Тиймээс эрсдэлээс сэргийлэх, хохирол багатай даван туулах зорилгоор бодлогын хүүг нэмснийг дээрх банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарлав. Хэрэв урд хөрш хилээ нээж, экспортын хэмжээ өсөн, тээвэр ложистикийн хүндрэл багасвал манай эдийн засгийн нөхцөл сайжирч, улмаар мөнгөний бодлогын хүүг бууруулж болох аж. Түүнчлэн энэ онд манай улсын эдийн засгийг таван хувиар өснө гэж таамаглаж байсныг 2.6 болгон бууруулсан бөгөөд дээрх шалтгаанууд нөлөөлжээ. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл, инфляцын төлөв, олон улсын харилцаатай уялдуулан мөнгөний бодлогыг шинэчлэн тодорхойлохыг Төвбанкнаас тэмдэглэв. Ташрамд дурдахад, бодлогын хүүг 2016 оны наймдугаар сард 15 хувьд хүргэсэн нь хамгийн өндөр дүн бол 2020 оны арваннэгдүгээр сард зургаа болгосон нь түүхэн доод түвшин болж байв.
Бэлтгэсэн С.Дулам